Иргэний хэрэг, Эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах заавар, загвар

 

Эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах загвар, заавар


Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах нь 

2014 оны 10 сарын 10 өдөр                                                                                                Жаргалант сум

Хохирогчийн өмгөөлөгч Б.Наран миний бие Д.Доржсүрэнд холбогдох эрүүгийн 2013141512 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар шинжээчийн дүгнэлтээс үзвэл ялтны үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхээгийн биед "гэмтлийн гаралтай тархи доргилт, зүүн чамархай, баруун хацар, шанаа гуя, өвдөгний үе болон гадна хажуу хэсэгт зүсэгдсэн шархнууд...." гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархай, баруун хацар зүсэгдсэн шархнууд нь нүүр засаршгүй гэмтсэн үлдэц уршигтай гэмтэл мөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар /2010.10.29 № 189/385/ батлагдсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 1.10-т зааснаас үзвэл "нүүр засаршгүй гэмтсэн" шинж тэмдэг байгаа бол шинжилгээг өөр мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийнэ гэжээ. Тодруулбал шинжлүүлэгчийн нүүр засаршгүй гэмтсэн шинж тэмдэг байгаа бол нүүр амны мэс заслын эмчийг оролцуулан шинжилгээ хийлгэх журмыг тогтоосноос үзвэл нүүр гэмтсэн засаршгүй гэмтэл болох эсэхийг тогтоох нь бүрэлдэхүүнтэй шинжээч /нүүр амны мэс заслаар мэргэшсэн/ нарын эрх хэмжээний асуудал гэж үзэхээр байна.

Гэтэл хохирогч Б.Энхээгийн биөд учирсан "...зүүн чамархай, баруун хацар, шанааны хэсэгт зүсэгдсэн шархнууд..."-ын улмаас үүссэн үлдэц уршиг нь нүүрний засаршгүй гэмтэл мөн эсэхийг зөвхөн нэг шинжээч болох Б.Бат хүндэвтэр зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 1.10-т заасныг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хохирогч Б.Энхээгийн биеийн нүүр хэсэгт учирсан гэмтлүүд, түүний үлдэц болсон сорви нь ердийн явцаар эдгэрэх боломжтой эсэх, эсхүл нүүрний засаршгүй гэмтэл мөн эсэх зэрэг нотолгооны ач холбогдолтой чухал асуудлыг зөвхөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх журамтай. Харин энэхүү нотолбол зохих асуудлыг шинжээчийн мэдүүлгээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шинжээч Б.Батын мэдүүлэгт үндэслэж дүгнэсэнийг хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. "Гэмтлийн зэрэг тогтоох журам"- ын 2.2.3, 3.5.4-т зааснаас үзвэл нүүр засаршгүй гэмтсэн үлдэц, уршиг нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан тул энэ ач холбогдол бүхий нотолбол зохих асуудлыг тогтоох шаардлагатай юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү.

ГОМДОЛ ГАРГАСАН: ХОХИРОГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ ................Б.НАРАН


ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ

·Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

· Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцлийг хүлээн авах

Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргана. Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан анхан шатны шүүх хэрэгт гомдол, эсэргүүцлийг хавсарган 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

·Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тухай мэдэгдэх

Шийтгэх, цагаатгах тогтоолыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд анхан шатны шүүх энэ тухай талуудад мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийн талаар тайлбар өгөх эрхтэйг мэдэгдэнэ.

Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэний холбогдол

Тогтоол, магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тэдгээр тогтоол, магадлалын биелэлт түдгэлзэнэ. Гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээ буцаан авч болно.

Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

Улсын дээд шүүх хяналтын шатны гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүн шүүх бүрэлдэхүүнийг томилно. Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ.

 
 

Иргэний хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах загвар, заавар

ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ

/иргэний хэрэг/

 

Хяналтын журмаар гомдол гаргах эрх хэзээ үүсэх вэ?

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

Хяналтын журмаар гомдлыг хэрхэн гаргах вэ?

Зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана. Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг нь гомдолд хавсаргаж ирүүлнэ.

 

Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрхэн хүлээн авах вэ?

Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна. Тэдгээр нь гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.

 

Хяналтын журмаар гомдол гарснаар ямар үр дагавар гарах вэ?

Хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна. Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

 

/загвар/

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд

 

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Жаргалант сум                                              Хяналтын журмаар гомдол гаргах тухай

 

 

Нэхэмжлэгч: Боржгон овогт Доржийн Оюун, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 03-03 тоотод оршин суух, утас: 99439999

 

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар шийдвэрт хариуцагч Б.Бат давж заалдах гомдол гаргаж, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүх хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болж, 03 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оюуны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Давж заалдах шатны шүүхийн 03 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул нэхэмжлэгч Д.Оюун миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 

Хэргийн утга нь: Миний бие хариуцагч Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхэд хариуцагч Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 шүүх нь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүх хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болж, 03 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оюуны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6. дахь хэсэгт зааснаар "хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол байгаа бол шүүх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтын дагуу Д.Оюуны хүүхдийн тэтгэлгийн асуудлаар дахин шүүхэд хандах эрхийг нь үүрд хязгаарласан байна. Ингэснээр Б.Батыг Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ "тэжээн тэтгэх” үүргээс нь бүр мөсөн чөлөөлж, хүү Б.Амлагангийн хуулиар оолгогдсон эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм. Мөн хүүхдийн тэтгэлгийн асуудал бусад эд хөрөнгийн асуудлаас онцлог шинжтэй. Эцэг, эхийн салалтаас болж өөрийгөө асран хамгаалж, тэжээх чадваргүй хүүхдийн хувь тавилан маш их хохирч байна. Гэр бүлийн тухай хуулинд "тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн хуулийн боломжит эрхийн дагуу хэргийг шийдвэрлэх боломж нь байхад шүүх хүүхдийн эрхийг зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна.

 

Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүх хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар магадлалыг Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5. дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

  

 

Гомдол гаргасан: Нэхэмжлэгч............................ /Д.Оюун/

 
 
 
мэдээлэл лавлагааны алба
Утас: 70433817
ИМЭЙЛ хаяг: khovd_davakh_tg@shuukh.mn
Байршил: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүх, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүх (Прогресс дунд сургуулийн хажууд)



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог