“Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт боллоо
2017-02-21 23:21:05 | 86Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) хамтран \"Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”сэдэвт сургалтыг өнөөдөр (2017.02.17) зохион байгууллаа. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, зорилго, ач холбогдол, онцлогийн талаар танилцууллаа. Энэ удаагийн сургалт гэр бүлийн маргаан, түүний онцлог, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлагыг судалж, энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн онцлог, жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, түүний онцлогийг харгалзан үзэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Сургалтад Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 шүүгч оролцлоо.
Сургалтын эхний хичээлийг \"Гэр бүлийн харилцааны онцлог, гэрлэлтийн сэтгэл ханамж буурч, зөрчил үүсэх шалтгаан” сэдвээр Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ, үргэлжлүүлэн Хууль сахиулах их Цагдаагийн сургуулийн багш Ө.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан нар \"Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, үр дагавар” сэдвээр хичээл заалаа.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар \"Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”, сэтгэл судлаач Ц.Энхжаргал \"Гэр бүлийн холбогдолтой маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчид шаардлагатай харилцааны ур чадвар”, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан \"Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг үр нөлөөтэй хянан шийдвэрлэх арга зам, хууль хэрэглээний зарим асуудал”, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд \"Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг хянан шийдвэрлэхэд сэтгэл зүйчийн үүрэг оролцоо”, Судалгаа хариуцсан ахлах референт Л.Галбаатар, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар \"Гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг \"Шүүхийн орчин, нөхцөл, зохион байгуулалтаар гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдвээр хичээл заасан.
Энэхүү сургалтаар гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх зэрэг шинэлэг мэдлэг ур чадварыг олгохоор зорьсон. Сургалтын арга зүй нь онол, хууль хэрэглээнээс илүүтэйгээр ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн оролцооны арга, дадлага ажилд тулгуурласнаараа онцлог юм.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
2017.02.17