Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
2017-08-01 16:11:39 | 96\"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нийслэлд цуглаж, туршлага солилцсон юм. Энэ үеэр Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.
-Та олон жил шүүгчээр ажилласан. Шүүгчээр ажиллаж байгаад шүүхийн захиргааны байгууллагад ажиллахад ямар байна вэ?
-Би шүүхийн байгууллагад 42 жил ажиллаж байна. Үүний 38 жилд нь шүүгчээр ажиллажээ. Сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлагч хийж байна. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хуулийг чанд баримталж ажилладаг. Шүүгчийн ажил маш хүнд. Шүүхийн процесс олон шат дамжлагатай. Шүүгч бие хүний хувьд уян хатан байдлаа алдах ч тохиолдол бий. Уйлсан, хэрэлдсэн, маргасан, цөхөрсөн янз бүрийн хүмүүсийн асуудлыг гагцхүү хуулийг барьж, итгэл үнэмшлээрээ шийддэг. Тийм ч учраас шүүгч ноён нуруутай байх ёстой.
Эвлэрүүлэн зуучлагчийн ажил шүүгчийнхээс огт өөр. Хуулиа баримталдаг ч оролцогчдын тохиролцоог баталгаажуулж, сэтгэл ханамжийг нь дээшлүүлэх үүрэгтэй. Иргэд маргаанаа өөрсдөө шийдвэрлэх, эвлэрэхэд эвлэрүүлэн зуучлагч зуучилж, тусалдаг. Тийм ч учраас үйлчлүүлэгчид аль, аль талдаа сэтгэл ханамж өндөр байдаг.
-Иргэдийн шүүгчид хандах хандлага, эвлэрүүлэн зуучлагчтай харилцах хандлага хоёр ялгаатай л байх.
-Ялгаатай байлгүй яахав. Шүүхийн олон шат дамжлага иргэдэд дарамттай санагддаг. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх иргэндээ үйлчилдэг болсноор иргэдийн айдас багассан нь ажиглагддаг.
Эвлэрүүлэн зуучлагч ч шүүхийн нэрийн өмнөөс хариуцагчийг дууддаг. Дуудсаны дагуу шүүхэд ирээд хуультай танилцаад, маргааных нь талаар ойлгуулахаар сэтгэл ханамж өндөртэй байдаг. Шүүхдэлцэх биш өөрсдийнхөө хүсэл зорилгыг хангаад, тохиролцож, эвийн журмаар шийдвэр гаргаж болдог юм байна гэсэн ойлголттой үлддэг. Ер нь үйлчүүлэгчид тайвшраад гардаг. Харин шүүх хуралдаанд оролцох иргэд айдастай, эмээсэн байгаа нь ажиглагддаг.
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Орон нутагт эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг иргэд хэр хүлээн авч байна вэ?
-Шүүхээр үйлчлүүлж, хуульд заасан олон шат дамжлагыг дамжсанаас эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэх нь хялбар гэдгийг иргэд ойлгодог болсон. Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ улам бүр ойртсон нь ажиглагддаг. Хүмүүс маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх сонирхолтой, шүүхэд хандсан ч эв найрамдалтайгаар төгсгөх хүсэлтэй байдаг. Тиймээс ч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд иргэдийн оролцоо өндөр. Ховд аймаг дахь анхан шатны шүүхэд гэхэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлдэг иргэдийн тоо өдөр ирэх тутам өсч байна. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн 60 гаруй хувийг эвлэрүүлэн зуучлалаар шийдэж байгаа тоон үзүүлэлт ч бий.
-Орон нутагт эвлэрүүлэн зуучлалаар ихэвчлэн ямар маргаан шийдэгдэж байна вэ?
-Ихэнх нь зээлийн маргаан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний маргаан ихсэх хандлагатай байгаа. Гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаан нь нийт хэргийн 10 орчим хувь л байдаг. Зээлийн маргааны 80 хувь нь эвлэрээд гардаг. Итгэлцээд нэгэндээ мөнгө зээлдэг. Эргээд зээлээ төлөх чадвар хомс байгаа нь ажиглагдаж байна. Үүнд эдийн засгийн хямрал нөлөөлж байх шиг.
-Гэр бүлийн маргааны эвлэрэл тааруу байх шиг санагддаг. Орон нутагт ямар бол?
-Гэр бүлийн маргааны хувьд залуучууд салах нь ихэссэн. Залуучууд тэвчээр багатай, сэтгэл санааны хувьд тогтворгүй, бэрхшээлийг даван туулах чадвар дутмагаас салах тохиолдол их байна. Олон жил ханилсан, олон хүүхэдтэй, дунджаас дээш насны гэр бүлийн салалт ч ихсэх хандлагатай байна. Ажилгүйдэл, архидалт үүний шалтгаан болдог. Гэхдээ олон жил ханилсан, олон хүүхэдтэй гэр бүл салах гэж ирээд эвлэх нь их. Харин залуучууд эвлэрэхгүй талтай. Орон нутгийн хувьд шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг.
-Та шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө шүүгчээр ажиллаж байсан. Шинэтгэл эхэлсний дараа шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа. Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш шүүх хэр өөрчлөгдөж байна вэ?
-Шүүгч төрийн ноён нурууг дааж явдаг хүндтэй ажил. Шүүгч хуулийн хязгаар дотор ажилладаг. Эрхэмсэг зан чанарыг баримталж ажилладаг байлаа.
Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ороод явахад ч сайхан байна. Захиргааны ажилтан болохоор арай өөр түвшинд сэтгэж, нээлттэй ажилладаг юм байна. Шүүхийн шинэтгэл үнэхээр үр дүнгээ өгч байна. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн байдал ч сайжирч байгаа. Гэхдээ шүүхийн захиргааны ажилтнуудын идэвх оролцоо тааруу байгаа нь ажиглагддаг. Сэтгэлгээ, идэвхи оролцоог нь дээшлүүлэхэд шүүхийн шинэтгэлийн дараагийн шатанд анхаарах биз ээ.
Намайг шүүгчээр ажиллаж байх үеийн шүүх, өнөөгийн шүүх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Техник технологийн маш том шинэтгэл хийлээ. Боловсон хүчнээ шинэчилж байна. Шүүх үйлчилгээний байгууллага болж төлөвшиж байна. Энэ мэт шинэтгэлийн эхний үр дүн иргэдэд хүрсэн. Энэ эрчээрээ шүүхийн шинэтгэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байдаг.
-Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын уулзалтад оролцохоор нийслэлд ирсэн. Сэтгэгдэл ямар байна вэ?
-\"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо”-ны ажил саяхнаас жигдэрч байгаа. Шүүхийн захиргааны ажилтнуудад өгөөжөө өгсөн байгууллага байгаасай гэж хүсдэг. Алс холоос шүүхийн дээвэр дор нэгэн зорилготой байгаа хамт олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэцэгдэлгэр
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
. . .