Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
2017-08-03 15:17:51 | 100
Монгол Улсын дээд шүүх 2007 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалтыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа \"Үндэсний шүүгчдийн коллеж”-д нийт 7 удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөл 2016 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежтой хамтран байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын шүүхийн шүүгчийн 8-р удаагийн сургалт нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа \"Үндэсний шүүгчдийн коллеж” болон тус коллежийн ӨМӨЗО-ы салбар коллеж хамтран ӨМӨЗО-ы Шүүгчийн коллеж болон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа \"Үндэсний шүүгчдийн коллеж”-д зохион байгуулсан Монгол Улсын шүүгчдийн анхны сургалт болсноороо онцлог юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдөр болсон бөгөөд БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга хатагтай Фэнг Вэн Ли, ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дэд дарга Юнь Ши Шүн, ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн дарга Донг Жи Пинг нар Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын ажиллагааг нээж үг хэлэв. БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга хатагтай Фэнг Вэн Ли хэлсэн үгэндээ хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг БНХАУ-ын Ардын дээд шүүх онцгойлон анхаарч байгаа бөгөөд Үндэсний шүүгчийн коллеж нь анх удаа гадаад улсын шүүгчийн сургалтыг орон нутгийн Дээд шатны ардын шүүх болон салбар коллежийг зохион байгуулахаар хариуцуулсан нь энэ удаагийн сургалт болохыг онцолж, Монгол Улсын шүүхийн байгууллагатай тасралтгүй явагдаж байгаа хамтын ажиллагааны томоохон илрэл болсон тус сургалтыг Өвөр Монголд зохион байгуулж байгаа нь суралцагсад монгол хэл дээр зарим хичээлийг сонсож суралцах, шүүх хуралдааныг монгол хэл дээр ажиглах зэрэг суралцахад илүү ая тухтай байх боломжийг бүрдүүлснийг онцолсон юм. Мөн тэрээр хоёр оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дэд дарга Юнь Ши Шүн ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх тус сургалтад өндөр ач холбогдол өгч үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар бүхий л дэмжлэгийг үзүүлсэн талаар онцолж, Өвөр Монголын үзэсгэлэнт нутагт тавтай саатаж, амжилттай суралцахыг хүссэн юм.
ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн дарга Донг Жи Пинг мөн Монгол Улсын шүүгчдийг ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазад сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тус бааз нь Монгол Улсын шүүгчдийг ая тухтай сургалтад хамруулах бүхий л бололцоог сайтар хангасныг онцолж, цаашид олон Монгол Улсын шүүгчдийг тус коллеж болон сургалтын баазад хүрэлцэн ирэхийг урьсан юм.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах Монгол талыг төлөөлж хэлсэн үгэндээ энэ удаагийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл 2016 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчийн коллежтой байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд явагдаж байгааг онцолсон юм. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудал юм. Энэ хүрээнд шүүгчид зориулсан гадаад улсад туршлага судлах, шинэ мэдлэг олж авах сургалтуудад Монгол Улсын шүүгчид хамрагдаж байгаа бөгөөд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Шүүгчдийн коллежийн зохион байгуулдаг Монгол Улсын шүүгчдийн сургалт нь хамгийн өргөн бүрэлдэхүүнийг хамруулдаг гадаад сургалт байдгийн зэрэгцээ Монгол Улсын шүүгчдийн мэдлэгийн санд хувь үнэтэй нэмэр оруулдаг, БНХАУ-ын хууль, шүүхийн тогтолцоог танин мэдэхэд чухал ач холбогдолтой сургалт байдгаараа Монгол Улсын шүүгчдийн дунд хэдийнээ танил болсон сургалт юм гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Энэ удаагийн сургалтыг анх удаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн ахалж явж байгаа нь онцлог бөгөөд сургалтад голцуу иргэний хэргийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгчид, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчид болон Шүүхийн захиргааны ажилтны ур чадварын мэргэжлийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын шүүхийн шилдэг захиргааны ажилтнууд оролцож байгааг БНХАУ-ын удирдлагуудад танилцуулсан юм. Мөн энэ удаагийн сургалт Өвөр Монгол болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа нь манай улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан өөр өнцгөөс БНХАУ-ын болон үндэсний цөөнхийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжтой болсныг онцолж, сургалтын хөтөлбөрийг сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар боловсруулсанд талархал дэвшүүлсэн юм. Мөн тэрээр цаашид Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн салбарын хамтын ажиллагаа улам эрчимжихийг хүсэж, хоёр орны шүүгчид харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэж, нийт бүрэлдэхүүнийг төлөөлөн БНХАУ-ын Шүүгчдийн коллежид дурсгалын зүйл гардуулж өгөв.
Нээлтийн ажиллагааны үеэр хоёр тал цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа тус тус илэрхийлж, сургалтад амжилт хүсэж, Өвөр Монгол болон Бээжин хотод байх хугацаандаа ихийг сурч мэдэхийн зэрэгцээ цагийг ая тухтай өнгөрөөхийг хүсэж, нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн юм.
Энэ удаагийн сургалтаар БНХАУ-ын шинэ үеийн удирдлагын төр улсыг удирдах шинэ үзэл санаа, БНХАУ-ын шүүх байгууллагын зохион байгуулалт, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо, оюуны өмчийн эрх зүй зэрэг сургалтаас гадна ӨМӨЗО-ы нөхцөл байдал, Монгол үндэстний бичмэл хуулийн соёл, ӨМӨЗО-ы дуу хөгжмийн соёл зэрэг орон нутгийн онцлогтой хичээлийн агуулгаар баяжуулсан хөтөлбөрийн дагуу сургалт явагдсан юм.
Хичээл, лекцүүд дээрх өргөн хүрээний сэдвийн хүрээнд явагдаж, асуулт хариулт, харилцан ярилцлагыг идэвхтэй өрнүүлсэн хэлбэрээр болж өнгөрөв.Тус сургалтаарБНХАУ-ын шүүх, эрх зүйн тогтолцоо, ӨМӨЗО-ы нөхцөл байдал, соёл зэргийг танхимын хэлбэрээр суралцаж, танин мэдэхээс гадна Хөх хотод байх хугацаанд ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх, Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазтай танилцсан юм.
Шүүх хуралдааныг ажиглаж дууссаны дараа тус шүүхийн удирдлагууд болон монгол үндэстэн шүүгчидтэй уулзалт хийж харилцан мэдээлэл солилцож хоёр улсын иргэний шүүх хуралдаанд харьцуулалт хийж, санал бодлоо хуваалцсан юм. Шүүх хуралдааныг ажиглаж, уулзалт зохион байгуулсан нь танхимын сургалтаар сурч мэдсэн БНХАУ-ын хууль, шүүхийн талаарх онолын мэдлэгийг практиктай уялдуулсан үйл явдал болсон юм.
Сургалтын хугацаанд суралцагсад зөвхөн суралцаад зогсохгүй ӨМӨЗО-ы түүх соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхохоос гадна Өвөр Монголын ногоон орчныг бүрдүүлэх эко хүрээлэн, Өвөр Монголын Дэлхийн шилдэг 10 сүүний үйлдвэр болсон Мэнгню группийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцсан юм.
ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнг Монгол Улсаас хүрэлцэн ирсэн суралцагсдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд тус сургалт нь хоёр орны шүүхийн найрсаг хамтын ажиллагаанд чухал хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд тус сургалт нь анх удаа Өвөр Монголд болж байгаа гадаадын шүүгчдийн сургалт болохыг онцолсон юм. Тэрээр энэ сургалтад өндөр ач холбогдол өгч, хоёр орны шүүхийн найрсаг хамтын ажиллагааг чухалчилж байгааг дуулгасан юм.
Монгол талыг төлөөлж багийн ахлагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнгд хандаж айлчлалын бүрэлдэхүүнийг танилцуулж, Монгол Улсад өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрээр ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх энэ удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулах талаар бүхий л талаар дэмжлэг үзүүлсэнд талархаж, сургалт амжилттай явааг дуулгаж, харилцан бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм.
ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнг өөрийн биеэр тус шүүхийн барилга, шүүхийн үйлчилгээний төв, шүүхийн мэдээлэл, технологийн төв, спорт комплекс, хотхон болон Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазыг биечлэн танилцуулж, сургалтад оролцогсод үлдсэн хугацаандаа тус баазад ая тухтай цагийг өнгөрөөхийг хүссэн юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалтын Өвөр Монгол дахь сургалт амжилттай өндөрлөж, БНХАУ-ын Бээжин хотод сургалтын 2 дахь үе шат болох БНХАУ-ын Ардын дээд шүүхтэй танилцах, туршлага судлах айлчлалаар үргэлжилсэн юм.
Бээжин хотод байрлах БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежид суралцагсад байршисаны дараагаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нарыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежийн дарга ноён Хуанг Ёнг Вэй хүлээн авч нөхөрсөг уулзалт хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн зүгээс Монгол Улсын шүүх хоорондын хамтын ажиллагааг чухалчилж байгааг дуулгаад, 2016 онд Монгол Улсад айлчлахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан нь цаашдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чухал байсныг онцолж, энэ удаа Бээжин хотод богино хугацаанд саатсан хэдий ч олон зүйлийг үзэж, танилцахыг хүссэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн мэндчилгээг уламжлаад энэ удаагийн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар товч танилцуулаад, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллеж Монгол Улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд, мөн энэ удаа өндөр түвшинд хүлээн авч байгаад талархлаа илэрхийлэв.
Монгол Улсын төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн ирсэн өдрөө тус коллежийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус номын сан нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн номын сантай нэгдэж, Шүүхийн төрөлжсөн номын сан болж шүүгчдийг танхимын хэлбэрээр суралцах бүхий л бололцоог хангаснаараа онцлог болсон талаар номын сангийн удирдлагууд танилцуулсан юм. Мөн тус номын сан нь цахим номын санг хөгжүүлж шүүгчдийг цахим орчинд номын санд хандах боломжоор хангах бололцоог хангаж байгаа талаар онцолсон юм.
Бээжин хот дахь хоёр дахь өдрөө Монгол Улсын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж, Ардын дээд шүүхийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцахад тус төв нь БНХАУ-ын бүх шүүхүүдийг холбосон олон төрлийн цахим бааз, платформууд, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан зэргийг бүрдүүлсэн бөгөөд хэргийн хөдөлгөөн, шүүхийн статистик зэрэг мэдээллийг тэр даруй авах, тухайн цагт нийт хэчнээн шүүхэд хэчнээн тооны хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан, шийдвэрлэж байгаа, шийдвэрлэсэн зэрэг бүх мэдээллүүдийг харах боломжтой цахим баазуудыг хянах, нэгдсэн удирдлагаар хангах, тоон мэдээг нэгтгэн төвлөрүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн төв болох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус төвийн танилцуулснаар, энэхүү мэдээллийн бааз нь дэлхий дээрх хамгийн том шүүхийн цахим мэдээллийн бааз бөгөөд цаашид БНХАУ-ын шүүхүүдийг бүрэн цахимжуулж дэлхийд тэргүүлсэн цахим шүүхийн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа талаар онцолсон юм.