-1

Б.ДАШДОРЖ: ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2015-05-18 15:28:45    |   74

Ховд аймгийн Манхан сумын иргэн Б.Дашдорж нь 9 удаагийн шүүх хуралд орж, хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх явцад их ч юм үзлээ хэмээн шүүхийн талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.

Би Ховд аймгийн Манхан сумын \"Ботгон” багийн Засаг даргаар 12 жил, төрийн байгууллагад нийтдээ 30 жил ажилласан. Намайг \"Ботгон” багийн Засаг дарга хийж байх үед буюу 2012 оны 11 сарын 19-ны шөнө багийн төв дээр хэдэн залуучууд архи ууж байгаад маргаан гарч, зодолдож харамсалтайгаар нэг залуу нь амиа алдсан хэрэг гарсан юм.

Энэхүү хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, намайг гэрчээр дуудаж асуугаад явуулсан. Миний бие сумандаа эргэж ирээд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны хооронд \"Улсын тоо бүртгэл” болж малын тооллогод яваад байж байтал 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газраас дуудаж, дээрх хэрэгт сэжигтнээр татсан.

Ингээд би энэхүү хэрэгт холбогдон бүтэн хоёр жил цагдаагийн үүд эргэж, анхан болон давж заалдах шатны 9 удаагийн шүүх хуралд орж, анхан шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож баярлаж үзлээ, шүүхээр 3 жил 6 сараар яллуулж гомдож, уйлж ч үзлээ. Мөрдөнд 4 сар хоригдож, 6 сараар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр суллагдсан. Хэрэгт холбогдож, мөрдөн шалгагдаж байхад бие сэтгэлээр хохирч, гутрах, ар гэрийнхэн минь дагаж бас л сэтгэл санаагаар хохирч их ч юм үзлээ.

Ялаа эдэлж гарч ирээд удаагүй байтал 2014 оны 10 сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхээс миний хэргийг цагаатгах тогтоол гарч ирсэн. Ингээд би сэтгэл санааны хохирлоо гаргуулахаар шүүхэд \"Гэм хорын хохирол гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр надад 3 сая төгрөг гаргах шийдвэр гаргасан, энэ шийдвэрт сэтгэл дундуур байсан тул Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргасан юм. Ажилгүй байсан үеийн цалин болон сэтгэл санааны хохирлыг үнэлж 31 сая 700 мянган төгрөг нэхэмжилсэн. Ингээд Давж заалдах шатны шүүх хурал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж, надад Засгийн газрын нөөц сангаас 16 сая төгрөг олгохоор болсон.

Ах нь энэ шийдвэрт үнэхээр их сэтгэл хангалуун байгаа. Шүүхийн байгууллага иргэдийнхээ эрх ашгийг үнэлж, хамгаалсан явдалд талархаж байгаа юм. Хэдийгээр зарим шүүхийн шийдвэрт гомдож байсан ч дараа дараагийн шатны шүүхүүд нь алдааг нь засдаг, иргэний эрхийг хамгаалж байгаад баярлаж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Шүүгч, шүүхийн ажилтнуудад баярлалаа. ШҮҮХЭД БАЯРЛАЛАА. Та бүхний үнэнч шударга, ариун цагаан үйлс дэлгэрч явах болтугай.

\"\"

. . .