-1

Шүүхээ түүхээ эргэсэн ахмадууд

2019-03-01 16:31:45    |   99

\"\"
   Ховд аймагт шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Үе үеийн түүхийг нь бүтээлцэж, дуудах нэр, дуурсах алдраасаа илүүтэй шүүхийнхээ нэрийг эрхэмлэн зүтгэж явсан ахмадууд цуглаж, халуун дулаан дурсамж сөхсөн уулзалт тус шүүхийн тамгын газарт боллоо. Шүүхийн өнгөрсөн, одоо, ирээдүйд ямагт чих тавьж, хараа чиглүүлж, ололт амжилт бүрт нь чин сэтгэлээсээ догдолж суудагаа ахмад шүүгч, ажилтнууд энэ өдөр хуучилсан юм. Шүүгч гэх эрхэм алба болон шүүхийнхээ туулж өнгөрүүлсэн түүхийг хоолой зангируулан дурсах тэдний шүүхийн шинэтгэлийн үйлс, түүний цаашдын ирээдүйн талаар шинэ үедээ уламжлан захисан үгс үнэ цэнэтэй байлаа.
\"\"
  Т.Өнөр: Шинэтгэлийн хувь заяа шүүгчдээс шалтгаална
- Би хуулийн байгууллагад шүүгч, өмгөөлөгч, наториатчаар нийт 55 дахь жилдээ ажиллаж байна. Шүүхийн маань түүхийн голомт болсон чулуун байрны тухай дурсамж сөхье гэж бодож байна. 1964 онд би хууль цаазны дунд сургууль төгсөөд, шүүхийн өмгөөлөгчөөр томилогдон ирж байв. Тэгэхэд шүүх өөрийн байргүй, 2 давхар байр чулаагаар барих гээд суурийг нь Хятадууд дөнгөж тавьж байсан. Бид ээлжээр өглөө, өдөр, орой ээлжилж жижүүрлэдэг. Ойролцоо уулнаас чулуугаа татаж барьсан нь өвөлдөө тэвчээр шалгасан хүйтэн, дундаа сэрүү татсан сэрүүхэн. Дээд давхарт нь шүүх, доод давхартаа прокурор байрлаад аймгийн шүүх прокурорын газар нэртэй, дундаа нэг хурлын танхимтай, шүүгч нар хоёроороо өрөөндөө сууцгаадаг. Одоо ч чулуун байр маань нураагүй, дурсамж сэргээгээд сэтгэлд дотно харагддаг. Жинхэнэ бор зүрхээрээ бие дааж ажиллаж байсан бидний үеийн шүүгчдийн ажиллах нөхцөл өнөөдрийнх шиг суурин байгаагүй. Би ард иргэдээс сонгогдож, Ховд аймгийн төвийн шүүгч хийж байв. Одоогийн шүүгчдийн ачаалалтай харьцуулахад илүү гарна уу гэхээс ер нь дутахгүй. Шуудангийн унаагаар хэрэг маргаанаа шийдэх гэж бүхий л ажлыг гардан хариуцаж явдаг. Тэр байтугай тухайн үед гав байгаагүй болохоор гэмт хэрэгтнээ алдчихгүйн тулд өөрийнхөө гараас өдөр шөнөгүй холбож уячихаад, айлд хонож явлаа. Унаа машинаас зугатаад алдчихна гээд өдөр нь ч гараасаа салгахгүй. Одоо эргээд дурсахад тэр үеийн хүмүүс ямар ч сайхан сэтгэлтэй, амар тайван байсан юм бэ. Хэргийн холбогдогч, шүүгдэгчтэйгээ холбоотой унтаж байхад ямар нэг асуудал гарахыг хэн байг гэхэв. Бидний үеийн ахмад шүүгчид иймэрхүү амь сөрсөн бэрхшээлүүдийг бүгд л давж туулсан. Шүүгч хүн маш шударга, чин сэтгэлээсээ аливаад ханддаг, үнэнч, хүнлэг мөс чанартай байж л энэ ажлыг хийнэ. Худал хуурмаг, ямарваа нэг муу юм цаана нь нуугдаж байх л юм бол тэр хүн хэзээ ч шүүгч болж чадахгүй. Зүрх сэтгэл, бие махбодид нь энэ үнэт чанарууд суусан л бол хөгшин залуу ч бай, шүүгчийн ажил мэргэжилд тэнцэнэ. Надад огт хамаагүй, хуульд зааснаар нь ялыг нь уншаад явуулна гээд хүний амьдрал хувь заяаг мэдрэхгүй, ойлгохгүйгээр шууд шууд яллаад байвал шүүгч хүн биш. Хууль бол хууль, төрийн төмөр нүүр, хуулинд хүний мөс чанар байдаггүй гэх хүмүүс бий. Миний бодлоор хуулийн мөс чанар шүүгчийн дотоод итгэл, зүрх сэтгэлд байх учиртай. Шүүгч хүн бүхий л талаараа өө сэвгүй хүн байх ёстойг мартаж болохгүй. Би хэзээ ч ажил мэргэжлээсээ шантарч байгаагүй. Эрүү, иргэний аль ч хэргийг шийдэхэд над руу дайрч давшлаад, эсэргүүцэж үзэн ядаад байсан хүнтэй таарч байгаагүй. Нөгөө талаар шүүгч ялыг зөв оногдуулсан бол хэрэгтэн гомдоно гэж хэзээ ч байдаггүй. Зөв л оногдуулсан бол ялаа эдэлж байхдаа хүртэл \"Таньд баярлаж явдаг шүү. Таны оногдуулсан ялыг хүндэдсэн гэж би огт боддоггүй. Ялаа эдэлж дуусаад таньтай очиж уулзана аа. Та намайг хүн болгож, хүмүүжүүллээ” гээд ирүүлж байсан захидал байдаг.
   Гэр бүлийг салгахгүйн тулд одоогийнхоор бол жинхэнэ эвлэрүүлэн зуучилж байлаа. Хамт олных нь өмнө гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг байсан маань магадгүй хүний эрхийг зөрчдөг байсан байж болох юм. Монгол улсад шүүхийн шинэтгэл амжилттай явагдаж байна. Одоо юу дутаж байна гэхээр шүүгч хүн үнэхээр төрмөл байх ёстой юм бол сэтгэл зүрхтэй шүүгчийг олж бэлтгэвэл шүүхийн шинэтгэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Өөр дутуу юм шүүхэд байхгүй. Сэтгэл зүрх нь хүний төлөө цохилдог ёс суртахуун, хүнлэг чанар, ноён нуруу, мөс жудаг, мэдрэмж гээчийг манай шүүгчид өөрсөддөө цогцлоож чадвал шүүхийн шинэтгэл бүрэн төгс биелэлээ олно. Тиймээс одоо шүүхийн шинэтгэлийн хувь заяа шүүгчдээс шалтгаална гэсэн үг. Бусад талаараа шүүхийн шинэтгэл үүргээ гүйцэтгэсэн гэж би ахмад хуульчийн хувьд бодож байна.
\"\"

С.Долгорсүрэн: Харагдах байдал биш оюун сэтгэлгээ ч шинэчлэгдэх ёстой
- Би Ховд аймгийн шүүхэд 35 жил шүүгчээр ажиллаж байгаад, 2003 онд тэтгэвэртээ гарсан. Анх малын эмчээр ажиллаж байгаад, шүүхэд бичээчээр орж, хуулийн дунд сургууль төгсөөд, шүүхийн байгууллагатай амьдралаа холбосон. Одоогийн шүүхийг миний ажиллаж байсан үеийнхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Шүүхийн ажил өөдрөг, амжилт дүүрэн өнгөлөг байгааг харахад сэтгэл хангалуун байна. Бид морь тэмээгээ унаад, шуудангийн машинд суугаад иргэний хэрэг шийдэхэд өөрөө биечлэн үзлэг хийж, гэрчүүдээ асууж шалгаж шийддэг байлаа. Шүүгчээр ажилласан дурсамжтай сайхан үйл явдлууд их. Ялангуяа шүүхээс ял аваад, засарч хүмүүжээд сайхан амьдарч байгаа хүмүүстэй олон жилийн дараа тааралдахад нийгэмд байр суурьтай, ажил төрөлтэй, нэр төртэй сайхан явааг нь харахад туйлын жаргалтай байдаг. Сүүлийн үед гэр бүл цуцлалт ихсэж байгаад би их харамсдаг. Үүнтэй холбогдуулаад өөрт тохиолдсон гэр бүлийн маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай дурсамж сөхье. Миний найз эмэгтэй нөхрөөсөө салах гэж намайг гуйгаад \"За чи намайг энэнээс л салгаад өг. Би их зовж байна. Айлуудад гэр дүүрэн баяр болж байхад, манайд уйлаан майлаан л болж байдаг. Нөхөр маань архи ууж, үр хүүхдээ зоддог, амьдрах ямар ч нөхцөлгүй боллоо” гээд 3 хүүхдийнхээ эцгээс салах гэж шүүхэд хандсан.Тэгээд би нөхөр чинь салахгүй гэж шүүхийн өмнө амлалт авч байна, хүүхдүүдээ бодоод засарч хүмүүжихээ хэллээ, салж хэрэггүй гээд хурал хийж түдгэлзүүлээд, найзыгаа гуйгаад ерөөсөө дийлээгүй. Гэтэл найз маань \"За чи салгахгүй бол би өөрөө сална. Чамд гомдлоо” гээд хаалга саваад гарсан. Тэр уурандаа хүүхдүүдээ аваад өөр газар очиж амьдраад байж байтал нөхөр нь араас нь очиж, Эрдэнэт үйлдвэрт ажиллаад завгүй болж архинаас гарсан. Найз маань салахдаа бие давхар байсан тул хүндрэлтэй төрөхөд нөхөр нь их халамжилсан. Олон жилийн дараа \"Үхэх сэхэхийн даваан дээр нэг ухаан ороход л нөхөр маань гараас атгачихсан үргэлж хажууд сууж байсан. Хүний хань гэдэг ийм юм байна. Чи намайг салгаагүй нь аз болж. Салсан бол яана аа гэж одоо ч айдаг, чамд насаараа баярлаж явдаг” гэж одоо 5 хүүхдийн эцэг эх болсон гэр бүл ярьдаг. Бидний үед хэрэг шийдвэрлэсэн талаар чанарын мандат гэж олгодог байлаа. Би 2 удаа авч байснаараа бахархдаг. Социализмын үед намын гишүүний гишүүнчлэлийн асуудлыг шийдээгүй байхад эрүүгийн шүүх хурал хийж болдоггүй байсан. Хуулийн хугацаа өнгөрөх гээд байхаар нь намын гишүүнийг дуудаж ирүүлээд намын үүрийн даргадаа батлахаа өгчих, хэрэг шийдвэрлэсний дараа гишүүнчлэлээ шийдвэрлүүл гээд шүүх хурал хийж, бригадын дарга тэр хүн социалист өмч ашиглалын хэрэг үйлдсэн тул 4-5 жилийн хорих ял өгөөд явуулах боллоо. Гэтэл намайг аймгийн намын хорооноос дуудаад, намын гишүүнчлэлийг дур мэдэн шийдсэн гэж хатуу зэмлэл хүртээж байсан.Үүнээс болоод намын орлогч гишүүн байсныг маань цуцалж билээ. Одоогийн өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийг маш өргөн хүрээтэй ажил гэж би хардаг. Зөвхөн харагдах байр, тоног төхөөрөмж шинэчилсэн төдий ажил биш, хуулиа багцаар нь өөрчилж, эрх зүйн орчныг бүрэн шинэчилсэн учраас шүүгч ажилтнуудын оюун сэтгэлгээ, арга барил, хариуцлага ч дагаад шинэчлэлийн салхиар сэвэлзэх ёстой. Ажлын нөхцөл ийм сайхан байхад одоогийн шинэ үе маань шүүхэд сэтгэлээ өгч, үргэлж хичээж ажиллаасай гэж хүсдэг.
Х.Цогт: Шүүх хуралдааныг иргэд үзэж сонсож байгаа нь дэвшил
- Миний бие шүүхэд арбитрч, тогтоол гүйцэтгэгч хийж байсан. Ховд аймгийн шүүх 2 давхар чулуун байшинд насаараа ажиллаж байсан бидний үетэй зүйрлэшгүй сайхан өөрчлөгдөж байна. Бидний үед бол машин техникгүй, хол ойр хэрэгтэн хайгаад явахад хүнд нөхцөлд ажиллаж байлаа. Тухайн үед \"88-ийн хэрэг” гэгдэж байсан 88 охид эмэгтэйг хүчиндсэн хэрэгтэнг би цагдаа ч байхгүй, эрхгүй залуу насны зориг хүчээ гаргаж, Буянт сумаас баривчилж ирж байв. Тухайн үеийн шүүхийн ажлын хүнд хэцүүг яривал барагдахгүй. Миний эрхэлж байсан тогтоол гүйцэтгэгчийн ажил бол хүний өмч хөрөнгө хураадаг, онц аюултай гэмт хэрэгтнүүдтэй нүүр тулдаг, төлөвлөгөө биелүүлэхгүй бол албан газрын дарга нарыг торгодог амаргүй ажил байлаа.1978 онд манай аймагт төрийн өмчийн үзлэг болсон юм. Хотоос ирсэн удирдлагууд банкны дарга бид хоёрт Дөргөн гэдэг газарт олон тэмээ дутаасан өрийг барагдуулж ирэх үүрэг өглөө. Гурван айлын хөрөнгө битүүмжлээд, сумын даргад нь \"Төрийн өмчийн үзлэг болох гэж байна. Сумынхаа нэр төрийг бодоод энэ өр төлбөртэй хүмүүсийнхээ өрийг сумаараа, ах дүүгээрээ барагдуулах арга байна уу” гэхэд сумынхан дэмжээд, өр авлагыг барагдуулаад ирэхэд аймгийн дарга сайшааж байв. Ховд аймгийн шүүх улсдаа 5 жил дараалан тэргүүн байр эзэлж, олон гавьяат цолтон төрүүлсэн бахархалт түүхийг одоогийн хамт олон мартаж болохгүй.Одоо шүүх маань ажиллах нөхцөл, цалин хөлс, тоног төхөөрөмж, энэ олон самбар мэдээлэл, харуул хамгаалалт гээд байхгүй юмгүй шижигнэсэн залуус шүүхийг авч явж байгаа нь бахархалтай. Шүүхийнхээ 80 жилийн ойгоор би \"Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртэж, аймгаа төлөөлж, Засгийн газрын ордонд орж, Ю.Цэдэнбал даргаас шагналаа гардан авч байлаа. Одоо үед шүүх хуралдаанд иргэд чөлөөтэй үгээ хэлж, мэтгэлцэж, гадаа байгаа хүмүүс нь шууд үзэж сонсож байгааг би хөгжил дэвшил гэж үзэж байна. Өндөр настан би шүүхийнхээ баялаг түүхт ойд уригдаж байгаадаа баяртай байна. Ховд аймгийн шүүхийнхээ 90 жилийн ойн баярын мэндийг нийт ахмадууддаа, шүүгчид, ажилтнууддаа хүргээд, сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
Л.Чулуунхүү: Шүүхийн шинэтгэл хөдөлмөрийн хуваарийг тэнцүүлсэн
- Би шүүхийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд 28 жил ажиллахдаа шүүхийн дарга хийгээгүй, шүүгч хийж хэрэг таслаагүй ч бусад бүх ажлыг нь хийсэн. Архив, аж ахуй, бичиг хэрэг, шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлнө, хөдөө гадаа явж хэрэг шийдэхэд бүгдэд нь оролцоно. Шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөнө гэдэг нь маш хариуцлагатай ажил. Шүүх хурлынхаа тэмдэглэлийг бичгийн машинаар бичнэ гэсэн ойлголт байхгүй, гараараа маш цэвэр хариуцлагатай бичиж хэрэгт хавсаргана. Тухайн цагт нь оролцогчдын амнаас гарсныг нь авч үлдэхгүй бол хэзээ ч дахиж залруулагдахгүй. Би үүний төлөө насаараа хичээж ажилласан. Миний дараа ажиллах хүн намайг гүйцэхээргүй ажиллах ёстой гэсэн хатуу шаардлагыг би өөртөө тавьж ажилладаг байлаа. Анх ажилд орохдоо би олон сайхан ахмад шүүгчтэй хамт ажилласныхаа хүчинд энэ 28 жилийнхээ эрч хүч, мэдлэг боловсрол, практикаа их хурдан олж авсан. Би 8 шүүгчийн дунд ажиллахдаа хэргийн оролцогчдоо төрөл бүрийн аргаар дуудаж авчирдаг байв. Ардын хоёр төлөөлөгчөө бадар барьж гуйхын дайтай арай гэж авчирна. 1974 онд анх шүүхэд ажилд ороход 6 хэсгийн шүүхтэй, дарга орлогчтойгоо шүүн таслах эрхтэй 8 хүн байлаа. Шүүхийн зохион байгуулалт, орон тоо, төсөв, бүтэц нь ч бага, ачаалал их ч хэзээ ч ажлаа их гэж тээршааж байгаагүй. Шүүхийн үйлчлэгч хүртэл байраа цэвэрлэчихээд хүн дуудна, бичгээ тараана. Одоо бол шүүхийн шинэтгэлээр хүн бүрийн хөдөлмөрийн хуваарь, ачааллыг шударгаар тэнцүүлж хуваарилж өглөө. Тиймээс миний ажиллаж байсан шиг өнөөдөр 8 шүүгч дундаа нэг нарийн бичигтэй байхгүй. Миний шүүх хуралдааны мэтгэлцээний тэмдэглэл гар ноорогоороо \"Нүгэл буян” сонинд хэвлэгдэж байсан. Би хуулийн сургууль төгссөн биш, 10 дугаар ангиа төгсөөд л шүүхэд ажилласан. Тэр үеийн шүүгчид хүнийг их сайн сонсдог, хооронд нь хангалттай мэтгэлцүүлдэг байв. Туршлагатай шүүгч хүний нүднээс үнэнийг олж харж чаддаг. Ингэж нөр их хүч хөдөлмөрийнхөө хүчинд манай шүүх улсад дандаа эхний байруудад шалгарч, дарга маань гавьяат хуульч болоход бид өөрсдөө шагнуулсан мэт баярлаж байлаа. Одоо шүүхийн маань 90 жилийн ой тохиож байна. Түүхийг хүн л бүтээдэг шүү дээ. Шүүхэд ажилласан бүх үеийнхэн энэхүү 90 жилийн түүхийг бүтээсэн. Би Ховд аймгийн шүүхийн 30 жилийн түүхийг бүтээлцжээ гэж бодох туйлын бахархалтай байна. Шүүхийнхэн зөвхөн шүүхийнхээ ажлыг хийгээд зогсохгүй, орон нутгийн ажилд идэвхтэй оролцоно, хууль сурталчлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлээд 14 хоног сумдаар явна. Бэлэн юм авч яваад уншдаггүй, өөрсдөө л бэлтгэж бичиж боловсруулаад явдаг. Хөдөө мал төллөх, хашаа саравч барих, коммунист субботник хийх, хадлан бордоо бэлтгэхэд байгууллагаараа явцгаана. Би шүүхэд ажилласан 28 жилийнхээ амьдралыг завгүй боловч жаргалтай он жилүүд гэж бахархдаг. Хүн гэдэг чинь нэгнээ ойлгох юм бол ямар сайхан байдгийг шүүхэд ажиллах хугацаандаа ойлгож авсан. Хамт олонч, зарчимч, хөдөлмөрч хамт олон маань шүүх гэдэг нэрийг өөрсдийн нэрнээс өндөрт өргөж явах ёстой гэсэн зорилготой ажилласан. Тэмцээнд ороод амжилт гаргаагүй бол намын үүрийн дарга Дүгэржав \"Та нар хожигдох байсан юм бол яах гэж шүүхийн нэр гаргаж тэмцээнд оров. Ажил хийсэн ч, субботникт орсон ч шүүх тэргүүн эгнээнд байх ёстой” гэж загнаж байлаа.
Д.Алимаа: Шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгасан нь том үр дүн
- Юуны өмнө Ховд аймгийн шүүхийн 90 жилийн түүхт ойн баярын мэндийг нийт шүүгч ажилтнууд, хамт олондоо, хуулийн байгууллагынхаа төлөөлөлд хүргэе. Би МУИС-ийг төгсөөд Ховд аймгийн шүүхэд 1974 онд ажилд орсон. Т.Өнөр шүүгчийнхээ халааг авч, төвийн шүүгчээр томилогдож, шүүхийн байгууллагатай 39 жил ажил амьдралаа холбохдоо ихэнх хугацаанд давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан. Одоо 4 дэхь жилдээ эвлэрүүлэн зуучлагч хийж байна. Шүүгч хүний ажил өндөр нэр хүндтэй, иргэдийн эрх ашгийг хамгаалсан, Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг алба. Бид хавтаст хэргээ тэврээд хөдөөгүүр газар дээр нь очиж хурал их хийдэг байлаа. Ингэж явахад үйлчилдэг унаа тэрэг ч шүүхэд байсангүй. Оролцогчдоо хөдөө хайгаад очиход нүүгээд явчихсан, араас нь нэхэж сураглаад очдог байв. Шүүгч болоод анхны шийдвэрлэсэн хэрэг маань улсын төлөвлөгөөнд заагдсан бухал өвсний хэмжээг буруу хийсэн гэх үндэслэлээр буруутгагдсан Ховд аймгийн нэгдлийн дарга хүнд холбогдох эрүүгийн хэрэг таарсан. Ховд суманд гэр бүлийнхээ хүнийг олон удаа хутгалж хөнөөсөн хэргийг мөн шийдвэрлэж байлаа. Бидэнд баяр ёслол, өвчин зовлон тохиолдсон ч хэрэг маргаанаа шийдвэрлээд сууж байх үүрэг оногддог. Насанд хүрээгүй хүүхдийн нүд хальтрам хэрэг, гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд нулимс унагаж, сэтгэл урагдах үе ч одоо хир нь мартагддаггүй. Хичнээн яллагдагч байсан ч тэр хүнд хүний төлөө гэсэн сэтгэлээр хандаж, хамт зовж дэнсэлж байдаг ажил бол шүүгчийн ажил мэргэжил. Хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхдээ арга засал, зан үйл хийдэг хүн авчраад суулгачихдаг үе ч бий. Тэр бүхэнд шүүгч хүн хуульд захирагдаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр дотоод итгэлээрээ хандах сорилт тулгардаг. Шүүхийн шинэтгэлээр 10 үр дүн гарсан нь өдрөөс өдөрт шүүхийн үйл ажиллагааг дэвшилд хөтөлж, иргэдийн итгэлийг дээшлүүлж байна. Нэг хуулиас 6 багц хуультай болж, иргэдийн төлөөлөгчдийг улсын зөвлөгөөнд хамруулж, шүүгчдийг тодорхой сургалтын хөтөлбөртэй болгож, шүүхийн хүний нөөцийг сайжруулж, шүүгчийн аюулгүй байдал, эдийн засгийн баталгааг хангаж, төсөв санхүүг нь дээшлүүлж, шүүх хуралдааныг нээлттэй, ил тод болгож байгааг дурьдахад ахмад хуульчийн хувьд сэтгэл хангалуун байна. Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас салгасан нь маш том үр дүн болсон. Үүний ачаар шүүхийн арын алба сахилга хариуцлага, үр нөлөөтэйгээр явагдаж шинэтгэл амжилттай хэрэгжиж байна. Шүүх хэрэг маргааны төрлөөр дагнаж, шүүгч мэргэшиж байгаа нь ур чадварыг ахиулж, ажлын ачааллыг нь тэнцвэржүүлэх үр дүн юм.
Н.Мөнхбат: Шүүхийн байгууллагаас би асар их зүйлийг сурсан
- Би шүүхийн байгууллагад 18 жил ажилласан, шүүхийн дунд үеийн төлөөлөл. Намайг ажиллаж байх үед шүүх хуралдаан ганц танхимтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гар маягтан дээр хуралдааныхаа тэмдэглэлийг бичдэг байсан. 2 бичээч өдөр шөнөгүй бичдэг, 1998 оноос компьютертэй болсон. Одоо харахад шүүх төрийн бусад байгууллагуудаас илүү цахимжсан, нээлттэй болсон гэж ойлгодог. Би хамгийн сүүлд шүүхийн тамгын газрын дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Үүнээс өмнө 11 жил архивч, нарийн бичгийн даргын ажлыг хавсран хийж байлаа.
Тухайн үеийн шүүх хуралдааны тэмдэглэл бол шүүхийнхээ толь нь болсон баримт байв. Дээд шүүхийн магадлал гарах хүртэл хуралдааны тэмдэглэл хэр зэрэг бичсэнээс хэргийн хувь заяа шийдэгддэг байсан гэж болно. Заргалдагч маргалдагч талуудын амнаас гаргасан бүхнийг алдаа мадаггүй үг зүйн болон утга зүйн хувьд алдаагүй чанд буулгах үүрэгтэй. Шүүхийн байгууллагаас би асар их зүйлийг сурсан. Ахмад үеийн шүүгчид шаардлагыг асар өндөрт тавьдаг, зарчимч, санаачлага сайтай, бэрхшээлээс нугарч хугардаггүй, ажилдаа эзний ёсоор ханддаг байсанд би асар их баярлаж явдаг. Ер нь манайхны бичсэн тогтоол магадлал тэр чигээрээ батлагддаг байсан. Манай ахмадууд бүгд өөр өөрсдийнхөө туулсан ажил амьдралын үнэн бодитой түүхийг дурсан ярьж, одоогийн шүүхийн шинэтгэлийн сайн сайхан ололтыг үнэлж дүгнэж, үнэ цэнэтэй сургаалиа хайрлалаа. Эцэст нь Ховд аймгийнхаа шүүхийн түүхт 90 жилийнхээ ойн баярын халуун мэндийг шүүхийнхээ үе үеийн шүүгч, ажилтнууддаа дэвшүүлье.
 Ш.Отгонцэцэг

. . .