-1

ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-03-18 00:00:00    |   212

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Модоогийн Мянганбаярын шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүгчийн тангараг өргөх журам"-ын дагуу шүүхийн байранд зохион байгууллаа. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчид, урилгаар аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд, шинэ шүүгчийн гэр бүл, ахан дүүсийн төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ.

     Шинээр шүүгчийн тангараг өргөсөн шүүгч М.Мянганбаяр нь 2009 оноос Ховд аймгийн шүүхэд мэдээлэл технологийн гэрээт мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 2012 оноос Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар тасралтгүй ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын шүүгч хэмээх төрийн хариуцлагатай өндөр ажил, албан тушаалд томилогдсон мэргэшсэн туршлагатай албан хаагч юм.

. . .