БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
2017-05-01 10:14:33 | 85Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Ажилтнуудын Холбооноос хамтран баталсан удирдамжийн дагуу \"Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”-ны баруун бүсийн уралдааныг Шүүхүүдийн хамтарсан ажлын хэсэг зохион байгуулж, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн ажиллаж, Ховд аймгийн Ховд хотод аймгийн Нийтийн номын сангийн уншлагын их танхимд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагт эссе бичлэгийн уралдаанаар эхэлж, сорилын шалгалтар амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Ховд аймгийн шүүхийн тамгын газар, Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газар, Увс аймгийн шүүхийн тамгын газар, Завхан аймгийн шүүхийн тамгын газар, Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газруудын нийт 115 шүүхийн захиргааны ажилтнууд эссэ бичлэг, Сорил, Бодлого болон албан хэрэг боловсруулалт, центавр гэсэн төрлүүдээр өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд баруун бүсийн 7 шүүхүүдээс шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн -5, эрүүгийн хэргийн шүүгчийн туслах-20, иргэнийн хэргийн шүүгчийн туслах-20, захиргааны хэргийн шүүгчийн туслах-5, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-20, мэдээлэл технологийн мэргэжилтэн-7, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-6, эвлэрүүлэн зуучлагч-7, эвлэрүүлэн зуучлагчийн туслах-5, нягтлан бодогч-7, нярав-7, архив бичиг хэргийн эрхлэгч-7 ажлын байраар тус бүрдээ мэргэжлийн ур чадвараа сорьж, ажлын байр тус бүрээс уралдааны төрлүүдийн нийлбэрээр тэргүүлсэн нийт 9 шүүхийн захиргааны ажилтанг баруун бүсээс шалгаруулж, улсын уралдаанд оролцох эрх олгож, Өргөмжлөл гардуулна.
Баруун бүсийн шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтны уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, Ажлын хэсгийн ахлагчаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, гишүүдэд Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Увс аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханат, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал нар шүүхүүдээ төлөөлөн амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА