Сумдад “Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.
2017-07-01 14:11:47 | 108Сумдад \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви сумдад шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, орон нутаг-шүүх хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр \"Нээлттэй шүүх” өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Байгалмаа, Б.Алтанзаяа, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын нярав Ш.Батхишиг нар зохион байгуулж, сумдын иргэд, төрийн албан хаагчид оролцлоо.
\"Нээлттэй шүүх” өдөрлөгийн үеэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уудзалт зохион байгуулж, шүүхийн багц хуулийн онцлог зохицуулалт, шүүхийн шинэтгэл, түүний үр дүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, эвлэрүүлэн зуучлалын давуу тал, шүүхийн 2016 оны бүтэн жилийн болон 2017 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын статистик мэдээлэл, хийсэн шинжилгээ, онцлог, хэрэг маргааны төрлүүдийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан ярилцлаа.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн төлөөллийн хамт сумдын удирдлагуудтай уулзалт хийж, шүүхийн үйлчилгээг сум, багуудад хэрхэн зохион байгуулах чиглэлээр санал солилцож, сумдын \"Иргэний танхим”, Засаг Даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байранд дахь шүүхийн мэдээллийн самбар дахь мэдээллээр иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр хангах, shuukh.mn цахим сайт, цахим хэлбэрээр иргэдэд шүүхийн талаар мэдээлэл хүргэх боломжийн талаар ярилцаж, сумын хэмжээнд иргэдэд шүүхийн талаар мэдээллийг тогтмол хүргэх механизмын талаар санал солилцож, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумдын ЗДТГ-ын эрх зүйн ажилтан нарыг шүүхийн үйлчилгээг иргэдэд тайлбарлан таниулах, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гаргах, шүүхийн иргэдэд чиглэсэн үйлчилгээг сумдад нэвтрүүлэх чиглэлээр тусгайлсан сургалтанд шүүхэд урьж, мэдлэг, мэдээлэл, сурталчилгааны материалаар хангаж байхаар боллоо.
Өдөрлөгийн үеэр шүүгчийн туслах нар сумдын иргэдтэй холбоотой 30 гаруй нэхэмжлэлийн хувийг хариуцагчдад гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд иргэдэд шүүхийн талаархи мэдээллийн хуудас, сурталчилгааны материалыг тарааж, шүүхийн үйлчилгээний талаархи санал асуулгын хуудсыг бөглүүлэн авч, дүгнэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА