-1

СУДАРЛАН БҮТЭЭСЭН БААТАРЛАГ НАМТАРТАЙ ХОВД АЙМГИЙН ШҮҮХ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙГОО ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭЛЭЭ.

2017-08-28 15:41:19    |   98


Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг Ховд аймгийн төвд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж, 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох \"Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй юм. Түүхийн хуудаснаас үзэхэд,Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оныдөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас \"Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарчээ. Энэхүү дүрмийн үндсэн дээр 1927 оны 01 дугаар сарын 03-ны өдөр тэр үеийн Чандмань уулын /одоогийн Ховд/ аймагт ардын шүүх байгуулагджээ

\"\"

\"\"

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд урилгаар Улаанбаатар, Сэлэнгэ, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн ИТХ, Засаг Даргын Тамгын газар, аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, албан байгууллагын удирдлага, төлөөлөгчид болон Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд, тэдгээрийн гэр бүл оролцож, батлагдсан хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Ховд аймгийн шүүхийн байранд өглөөний 09 цагаас шүүхэд ажиллаж байсан ахмад шүүгчид, шүүхийн ахмад ажилтнууд, урилгаар оролцож буй шүүхийн шүүгч, ажилтнууд, хууль хяналтын болон бусад албан байгууллагын зочид төлөөлөгчид шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойн гэрэл зургийн цомирлог, түүхэн баримт, материал, ажиллах орчинг үзэж, сонирхлоо.

\"\"

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойд зориулан бүтээсэн \"СУДАРЛАН БҮТЭЭСЭН 90 ЖИЛ” түүхэн ном, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч Төмөрийн Өнөрийн шүүхэд ажиллаж байсан үеийн дурсамж, дурдатгалыг өгүүлсэн \"Тэнгэрлэг оршихуй” хэмээх номын нээлтийг нэгэн зэрэг хийж, номыг эмхэтгэн хэвлүүлсэн Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн, ахмад шүүгч Төмөрийн Өнөр нар тус бүр номын танилцуулгыг хийж, шинэхэн хос номын дээжээс анхны уншигчиддаа өргөн барилаа.

\"\"

Ховд аймгийн шүүхийн барилгын үүдэн хэсгийг чимэглэж, зочид төлөөлөгчдөд шүүхийн түүхт 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлсэн бичиг байрлуулж, цэцэг алаглуулан, баярын өнгө жавхаа илтгэжээ.

\"\"

Өглөөний 10 цаг 40 минутаас Ховд аймгийн төв талбай Ойрад монголын их хаан, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Галданбошигт хааны хөшөө болон харц ардынхаа эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Ард Аюушийн хөшөөнд зочид төлөөлөгчид, шүүхийн ахмад, дунд, залуу үеийнхэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, их ой их түүхэндээ мэхийн ёслолоо.

\"\"

Ардын жүжигчин Жанцангийн Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрт Ховд аймгийн шүүхийн яруу алдарт түүхт 90 жилийн ойд зориулсан Баярын хурал 14 цагт эхэллээ.

\"\"

Индэрт Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга нар, Ховд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Ховд аймгийн шүүхийн ахмад шүүгчид, урилгаар оролцож байгаа Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид, сумдын ИТХ, Засаг дарга нар, хүндэт төлөөлөгчид тухалжээ.

\"\"

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийг төлөөлж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан 2017.08.18-ны өдөр Ховд аймагт хүрэлцэн ирж, Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлж, нэр бүхий хүмүүсийг төр засаг, ШЕЗ-ийн шагналаар шагнаж, урамшуулан, тус шүүхэд хамгийн хэрэгцээтэй байсан өнгөт принтерийг бэлэглэж, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, ажилтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан билээ.

\"\"

\"\"

\"\"

Баярын хурлыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хөтлөн явуулав. Баярын хурлыг нээсний дараа төрийн дуулал хүндэтгэлтэйгээр эгшиглэлээ. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нямжавын Туяа ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, \"Ховд аймгийн шүүх -90 жилд” баярын хурлын илтгэлийг тавьж, шүүхийн түүх, үе үеийн ахмадуудын бүтээсэн гавъяа, түүхэн цаг үеийн өрнүүлсэн ажил, намтар, шүүхийн хөгжлийн үе шатуудын талаар илтгэлдээ дурьдаж, шүүхийн хамт олон түүхт 90 жилийнхээ ойг угтан, 2017 оны 1 дүгээр сараас үндсэн болон дэд ажлын хэсгүүд байгуулан, иргэд, олон нийтэд чиглэсэн, шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, ажиллах орчны чиглэлээр нийтдээ 60 орчим ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан талаараа дурьдаж, ажлын илүү их амжилт гаргахын ерөөл дэвшүүллээ.

\"\"

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн ойн баярын мэндчилгээг уламжиллаа.

\"\"

УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын шүүхийн шүүгч ажилтнуудад хандан ирүүлсэн ойн баярын мэндчилгээ болон Ховд аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч, шүүхийн ажилтнуудын ирүүлсэн мэндчилгээг баярын хуралд оролцогчдод баяртайгаар уншин сонсголоо.

\"\"

Ховд аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр 20 гаруй жил ажилласан Доржийн Тайванхүү баярын хуралд оролцогчдод хандан, баяр хүргэж, үг хэллээ.

\"\"

Ховд аймгийн шүүхийн дэргэдэх шүүхийн ахмадын байгууллагын тэргүүн, шүүхийн ахмад ажилтан Н.Мөнхбат шүүхийн ахмадуудаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, шүүхийн олон шүүгч, ажилтнууд 2016-2017 онд төр засгийн болон салбарын шагналуудаар шагнагдсан байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Нямжавын Туяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тумагийн Цэцэгмаа нар Алтан гадас одонгоор, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж, төр засгаас хийсэн хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.

\"\"

\"\"

\"\"

Улсын Дээд шүүхийн \"Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор, Улсын Дээд шүүхийн \"Жуух бичиг”-ээр, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, Монголын Шүүгчдийн Холбооны \"Өргөмжлөл”-өөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цэрэнгийн Энхжаргал, Шүүхийн Ажилтны нэгдсэн холбооны \"Өргөмжлөл”-өөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Д.Энхбаяр, \"Төрийн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа, \"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шүүхийн ахмад ажилтан Н.Мөнхбат, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Гантөгс, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан нар, Хууль зүй, дотоод хэргийн яамны \"Жуух бичиг”-ээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар тус тус шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байна.

 

Шүүхийн захиргааны зарим ажилтнууд салбарын шагналуудаар шагнагдаж, энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал олон байлаа.

Баярын хурал 3 цаг гаруй үргэлжилж, дараа нь Ховд аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхийн ахмад ажилтнуудын хамтарсан \"БАЯРЫН КОНЦЕРТ” эхэллээ.

\"\"

\"\"

Баярын концерт 2 цаг орчим үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж, урлагийн олон төрлөөр шүүгч, ажилтнууд маань авъяас билгээ харуулж, олон ястан үндэсний бүжиг, наадам, биелгээ, дуу хуур, ардын болон орчин үеийн дууны цомирлогоор тоглолтыг чимж, урилгаар оролцогчдыг уулга алдуулсан мөчүүд олон байсныг дурдахад сайхан байна.

Сударлан бүтээсэн 90 жилийн түүхэн ойн баяраа Ховд аймгийн шүүхийн хамт олон өргөн дэлгэр тэмдэглэж, 2017 оны туршид зохион байгуулж, оны ажлын иж бүрэн төлөвлөгөөтэй, хариуцсан эзэнтэй, бүтээсэн үйлстэй, үлдээсэн баялагтай, мэдлэг, чадвар, урам зориг нэмсэн үр дүнтэй, Ховд аймгийн олон ястан, үндэстэндээ үзүүлдэг шүүхийн шүүн таслах ажлын чанар нь дээшилсэн, үйлчилгээ нь өргөжсөн орчин үеийн орон нутгийн шүүх болон хөгжсөн амжилттайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

\"\"

\"\"

\"\"


Чандмань уул аймгаас галаа асаасан Ховд аймгийн шүүхийн ажил нь өрнүүн, үйлс нь дэлгэр, шүүхийн хамт олны хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн, түмэн олны минь итгэл, сэтгэл тэнэгэр байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

ТЭМДЭГЛЭЛИЙН БИЧСЭН:

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Гоовоо овогт Дашнямын Даваасүрэн

2017.08.26-ны өдөр. Ховд хот.


. . .