МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
2018-05-07 15:28:43 | 98 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын нийт ард иргэдтэй хийх уулзалтын хөтөлбөрийнхээ хүрээнд 2018 оны тавдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Х.Баттулгыг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд, аймгийн төвийн Ард Аюушийн нэрэмжит талбайд цэргийн хүрээнийхэн, аймгийн удирдлагууд болон шүүхийн байгууллагыг төлөөлж: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймгийн Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, орон нутгийн байгууллагын дарга эрхлэгч нар, иргэд угтан авч, мэндчилсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтанд Ховд аймгийн 400 гаруй иргэд оролцож, 40 орчим иргэд санал бодлоо илэрхийлсэн юм. Ховд аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд иргэдээс шүүхийн байгууллагын талаар санал, шүүжлэл гарсангүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзсаныхаа дараа Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа Ховд аймгийн шүүхийн зохион байгуулалт, дагнасан шүүхийн давуу тал зэрэг эрх зүйн хүрээнд гарсан шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан болон шүүхийн ажлын талаар танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зөрчлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэгдэж байгаа зарим зөрчлийн хэрэг дээр хуулиар торгох ял оногдуулж өндөр торгож байгаа нь иргэдийн орлогын түвшин бага өнөөгийн нөхцөлд хүндрэлтэй тусч байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тус шүүхээр Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг, үүнээс торгох ял оногдуулж шийдвэрлэсэн хэргийн талаар танилцууллаа.
Харин Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн байрны хүрэлцээ, шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлын талаар танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүлээн авч уулзсан явдалд Ховд аймгийн шүүгчдийн зүгээс гүнээ талархал илэрхийлж, Ерөнхийлөгчөөс шүүгчдэд ажлын амжилт хүссэнээр хамтарсан уулзалт өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .