Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа \"Шударга ёсны элч” тэмдгээр шагнагдлаа
2018-06-15 10:33:10 | 93Шүүхийн шагнал гаруулах болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уралдаан, аяны дүнг танилцуулах ёслол (2018.06.13) боллоо.
Ёслолын үеэр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болон шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, иргэнийг \"Шударга ёсны элч”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан \"Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал”, шүүхийн тамгын газруудын дунд өрнүүлсэн \"Санаачилга” бүтээлч ажлын аян, \"Шүүх ба шүүхийн захиргааны төлөвшил” нийтлэл, нэвтрүүлэг, \"Иргэдийн итгэл хүлээсэн шүүх” эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг гардуулна.
Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Шүүгчдийг \"Шударга ёсны элч” тэмдгээр шагналаа
Шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүгчдийг \"Шударга ёсны элч” тэмдгээр шагналаа. Уг шагналыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туул, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг нарт олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулан өглөө. Мөн \"Шударга ёсны элч” тэмдгээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг шагнажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнав
Шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, улстөрчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга асан Д. Ганбат, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах И.Сэлэнгэ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт үйлчлэгч Б.Эрдэнэсувд, Улсын дээд шүүхийн тамгын газарт архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тэгшдэлгэр, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанд Хяналт шалгалт хариуцсан референт Б.Энхбаатар нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнууллаа.
Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлсан шүүх, шүүгчдэд шагнал гардууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан \"Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” уралдаанд шалгарсан шүүх, шүүгчдэд шагнал гардууллаа. Уг уралдаанд Эрүүгийн хэргийн шүүх, шүүгчийн төрөлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Иргэний хэргийн шүүхийн төрөлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба, Захиргааны хэргийн шүүхийн төрөлд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа нар шалгарчээ. Мөн Сум дундын шүүхийн төрөлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа нар шалгарсан байна. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.
\"Санаачилга” бүтээлч аяны дүнг танилцуулав
Шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэх арга ажиллагааны шинэ хэлбэрийг нэвтрүүлж, шүүхийн үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын чанарыг дээшлүүлэх бүтээлч ажил санаачилсан шүүхийн тамгын газруудыг \"Санаачилга бүтээлч аян”-ны хүрээнд шалгаруулсан. Уг аянд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нэгдүгээр байрт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хоёрдугаар байрт, Төв аймаг дахь шүүхийн тамгын газар гуравдугаар байр эзэлжээ. Шагналыг УИХ-ын гишүүн асан Ч.Ганбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулж өглөө.
Уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулав
Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсний 5, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулан сэтгүүлчдийн дунд зарласан \"Шүүх ба шүүхийн захиргааны төлөвшил” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардууллаа. Уг уралдааны Телевиз, радиогийн төрөлд сэтгүүлч Х.Эрдэнэбулган тэргүүн байр, ТМ телевизийн сэтгүүлч С.Эрдэнэбаяр дэд байр, Сонин, сайтын төрөлд \"Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Нацаг-Эрдэнэ тэргүүн байр, \"Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмон дэд байранд шалгарчээ. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа.
Эсээ бичлэгийн уралдааныг дүгнэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Монголын Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зарласан \"Иргэдийн итгэл хүлээсэн шүүх” эсээ бичлэгийн уралдааныг дүгнэж, шалгарсан ажилтнуудад шагнал гардууллаа. Уг уралдаанд Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны ажилтан Э.Мөнхгэрэл, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Номин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ШХМОНХХ-ийн референт Б.Цэцэгдэлгэр нар шалгарчээ.
Шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн малчин Ц.Дамдинсүрэнг Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр жолооч Д.Төмөрхуяг, Шүүхийн сургалтын Баяндөхөм төвийн менежер Г.Ганхуяг, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр ахлах нягтлан бодогч Д.Очбаяр, эмч Л.Урансайхан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт үнэмлэхээр ШХҮХ-ийн ажилтан н.Отгон, жолооч н.Мөнхсайхан нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд гардууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагнал гардсан шүүгч, улстөрч, шүүхийн захиргааны ажилтнууд, сэтгүүлчдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
. . .