Шүүхийн ахмадуудыг дэмжих, залуу үед туршлагаа өвлүүлэх боломжийг холбоо бүрдүүлнэ
2018-09-10 12:30:00 | 92\"Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.
-Монголын шүүхийн ахмадуудын холбоо хэдхэн сарын өмнө байгуулагдаж, тэргүүнээр нь таныг сонгожээ. Холбооны үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар яриагаа эхэлье.
-Монголын шүүхийн хэмжээнд ахмадуудын нэгдсэн байгууллага огт байгуулаагүй өнөөг хүрсэн юм билээ. Ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын зүгээс Холбоо байгуулах саналыг өмнө нь нэг биш удаа гаргаж байсан. Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүйн холбоогүйгээр юуг ч төсөөлөх аргагүй. Ахмад, дунд, залуу үеийн гурвалсан холбоо харилцан нөхцөлдсөн байж аливаа ажлын үр дүн гардаг. Ахмад үе нь залуучууддаа ажил, амьдралын туршлагаа өвлүүлэх, залуучууд ч ахмадуудаасаа суралцах ёстой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр ажиллах насны дээд хязгаарыг 60 нас байхаар тогтоосноос харьцангуй ажлын чадвартай мэргэжлийн хуульчид, шүүгчид албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Нийгэмд тэдний оюуны чадварыг ашиглах, нийгмийн оролцоо, хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нь байгууллагын зүгээс дэмжих шаардлага үүсэж байна. Нөгөө талаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд манай ахмад шүүгч, ажилтнуудын дуу хоолой ус агаар мэт хэрэгтэй байна. Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д \"Төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хуультогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх ажилд оролцуулах арга хэмжээ авна” гэж заасан байдаг. Эдгээр шаардлагын үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ахмадуудын холбоог байгуулах санаачилгыг дэмжиж ирсэн байдаг. 2018.06.15-ны өдөр 21 аймаг, нийслэл дэх шүүхүүдийн ахмадуудын төлөөлөл болсон 60 гаруй хүн цуглаж Ахмадуудын холбоо байгуулах анхны хуралдааныг хийж, дүрмийн төслөө үндсэнд нь баталсан. Ингээд дүрэмд зааснаар Ахмадуудын холбооны тэргүүн, дэд тэргүүнийг оролцуулаад Удирдах зөвлөлийн долоон гишүүнийг сонгосон юм. Дүрмийн төслийг боловсронгуй болгоход бид багагүй хүч анхаарал тавьсан. Үүний дараа 2018.07.16-ны өдөр гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын статустайгаар улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн.
Холбооны зорилго нь ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг эгнээндээ нэгтгэж, тэдний нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж Ахмад настны тухай хууль тогтоомжийг шүүхийн захиргааны төв, орон нутаг дахь удирдах байгууллагаас хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, нэгдмэл санал санаачилга, зөвлөмж, эрэлт хүсэлтийг шүүхийн захиргааны байгууллагад уламжилж эргэх холбоог хангахад чиглэгдэнэ.
-Монголын шүүхийн ахмадуудын холбоонд элсэх эрх нь нээлттэй юү?
-Шүүхээс гавьяаны амралтад гарсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, шүүхийн төрийн үйлчилгээний ажилтнууд холбоонд гишүүнээр элсэх боломжтой. Санхүүгийн эх үүсвэргүйгээр Холбоо ажиллаж чадахгүй. Тиймээс гишүүдээсээ бага хэмжээний татвар авахаар зохицуулсан зүйл бий. Эхний ээлжид аймаг, нийслэл дэх шүүхүүдийн тамгын газруудад Ахмадын зөвлөл шинэчлэн байгуулах, мөн тэргүүнийг сонгуулахаар албан бичиг явуулаад байна. Үүнээс гадна ахмадуудын дэлгэрэнгүй судалгаа, амьжиргааны болон хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах маягт гаргаж хүргүүлсэн. Бид дээрх судалгааг үндэслэж ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг зарим сургалтыг ахмад туршлагатай шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаар эрхлүүлж явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
-Холбоо хөрөнгө төсвөө яаж бүрдүүлэх вэ?
-Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д : \" .... байгууллага нь өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын санбайгуулна.\" гэсэн заалт байдаг. Ахмадын сан ямар журмаар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан байдаг. Уг журмын \"Нэг.Нийтлэг үндэслэл\" гэсэн хэсгийн 1.2-т \"...байгууллага нь тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн саналыг үндэслэн өөрийн төсөв, жил бүрийн үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгана. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг ...байгууллагын удирдлага хариуцан гүйцэтгэнэ.” гэж заасан байдаг. Иймд нэгэнт Шүүхийн ахмадуудын холбоо үүсэн байгуулагдсан тул Холбооны саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл дээр Ахмадын сан байгуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх асуудал нийт ахмад шүүгчид, шүүхийн ахмад ажилтнуудын захиалга болон дэвшигдэж байна. Энэ нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу Үндсэн хуулийн үзэл баримтлал, шүүхийн ахмад настнуудын эрхийг хангах нийгмийн болон хуулийн шаардлагаас урган гарсан хойшлуулшгүй нэн тулгамдсан зорилт юм. Өмнө нь шүүхийн хэмжээнд Ахмадын холбоо гэж байгууллага үүсээгүй учир энэ санг байгуулах боломжгүй байсан юм билээ. Одоо эрх зүйн үндэслэл нь хангалттай бүрдсэн гэж хэлж болно. Шүүх шиг төвлөрсөн төсөвтэй байгууллага төсвийн төсөл бэлтгэхээсээ эхлээд холбогдох хууль, журмын дагуу тус сангийн хөрөнгийг урьдчилан төлөвлөх, бусад үйл ажиллагаанаас олсон өөрийн хөрөнгийн зарим хэсгийг сандаа төвлөрүүлэх шаардлага Ахмад настны тухай хуулийн заалт, шаардлагаас урган гарч байгаа юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд, мөн тус зөвлөлийн ажлын албаны холбогдох ажилтнууд энэ асуудалд санаачилгатай хандана гэдэгт итгэж байна.
-Танай холбоо олон ажил хийхээр төлөвлөжээ. Аль ажлаас нь эхлэх вэ?
-Хамгийн эхний ажил гэвэл ахмадуудын хувийн байдлыг харуулсан дэлгэрэнгүй судалгааг хийнэ. Хоёрдугаарт ахмадуудын амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргана. Үүнээс гадна төв, орон нутаг дахь шүүхүүдийн тамгын газрын дэргэд Ахмадын зөвлөлийг дүрмийн дагуу байгуулах ажлыг хийж хэрэгжүүлнэ.
Мөн Шүүхийн ахмадын холбооны дүрэм батлагдан гарсан нь төв орон нутаг дахь шүүхийн байгууллагаас Ахмад настны тухай хуулийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн ахмадуудын холбооны дүрэмд Шүүхийн Ахмадуудын холбооны үйл ажиллагааг дэмжих чиглэлээр \"Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүхийн захиргааны удирдах байгууллагын хүлээх үүрэг” гэсэн бүлэг асуудал орсны дотор \"Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс төв, орон нутаг дахь шүүхийн тамгын газрын дарга нарын ажлыг дүгнэхдээ ахмад шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Ахмад настны тухай хуулиар хүлээсэн захиргааны үүргийг хэрхэн биелүүлж ажилласан байдлыг харгалзах үзүүлэлт болгохоор тусгасан нь онцлог зохицуулалт юм.
Холбоо үүсэн байгуулагдсантай холбогдуулж дэмжлэг, бүтээлч санаачилгууд нэлээд өрнөж байна. Тухайлбал, Холбооны үйл ажиллагааг дэмжих, санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд урьдчилсан дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа болон Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд санаачлан 2018, 2019 оны гишүүний татварын өөрсдийн мөнгөн хөрөнгийг тус холбооны дансанд урьдчилан төвлөрүүлснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
. . .