ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЭВ.
2015-08-03 16:53:56 | 88
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, зохион байгуулсан \"Нээлттэй шүүх-бүсийн аймгуудад” арга хэмжээний хүрээнд Увс аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтнуудтай хийх уулзалтыг 2015.07.28-ны өдөр тус шүүх дээр хийлээ.
Уулзалтанд Увс аймаг дахь иргэн, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар, мэдээлэл лавлагаа, мэдээлэл технологийн ажилтан, нягтлан бодогч, шүүхийн бусад захиргааны ажилтнууд оролцлоо.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уулзалтыг удирдан, Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015.06.29-ны өдрийн 43 тогтоолоор батлагдсан \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг давж заалдах болон анхан шатны шүүх дээр хэрэгжүүлэн ажиллах ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, зарчмын талаар уулзалтанд оролцогчидтой санал солилцлоо.
Уулзалтаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдааны танхимын бэлэн байдал, дуу дүрс бичлэгээр баталгаажуулалт, шүүгчдийн байрлах албаны байр болон зочид буудлын байдал, албаны өрөө тасалгаа, компьютер, принтер зэрэг албан хэрэгцээний зүйлсээр хэрхэн хангах зэрэг асуудлаар ярилцав.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шуурхай хөтөлж, албажуулах, давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүхийн шүүгчийн туслах гардуулах, ажлын хөдөлмөрийн хуваарийн зохицуулалт, ажлын уялдаа холбоо, хавтаст хэргийн эмх цэгц, хэргийн богцоор хүргүүлж, хүлээн авч буй байдал зэрэг хэргийн хөдөлгөөний болон ажлын зохион байгуулалтын талаар санал солилцож, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан тушаал гаргаж, журмыг хэрэгжүүлж ажиллах талаар хийх ажлын дараалал, хариуцах албан тушаалтан, хугацаагаар нарийвчлан тодорхойлсон тусгайлсан журам гаргаж, эзэнжүүлж, хариуцлагажуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Увс аймаг дахь анхан шатны шүүхэд ажиллаж, анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нартай уулзаж, шүүхийн ажлын уялдаа холбооны талаар санал солилцлоо.
Мөн Увс аймаг дахь анхан шатны шүүхийн албаны орон сууцны засварын ажилтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Увс аймагт томилолтоор ажиллах үед байрлах байр, зочид буудлуудтай танилцав.