“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ –БҮСИЙН АЙМГУУДАД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015-08-03 16:39:19 | 89Увс аймгийн Улаангом сумын \"Иргэний танхим”-д 2015.07.27-ны өдөр хийсэн Уулзалт-ярилцлагад тус сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон сумын багийн Засаг дарга нар, багийн нийгмийн ажилтнууд, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, албан байгуулагын удирдлага, төлөөлөл, иргэд оролцлоо.
Уулзалт-ярилцлагыг Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан явуулсан бөгөөд шүүхийн багц хуулиудын онцлог, хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн мөн чанар, иргэдэд чиглэсэн шүүхийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал, цахим программ, шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулсны давуу тал, shuukh.mn цахим сайт, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааны онцлог, 2015.07.19-ны өдөр УИХ-аас батлан, 2015.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын мөн чанар, учир холбогдол, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг, эдийн засгийн баталгаа, цалин хангамж, шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагааны онцлог, хэрэгжилтийн байдал, шүүгчид иргэн, эрүү, захиргааны чиглэлээр дагнан ажиллах болсны ач холбогдол, давуу тал, давж заалдах шатны шүүхийн бүсчлэн байгуулсны учир холбогдол, иргэд давж заалдах шатны шүүх хуралдаан цахимаар болон биечлэн оролцох боломж, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн томилолтоор ажиллах зарчим, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангасан байдал зэрэг олон чухал асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг иргэдэд үнэн бодитоор хүргэх, сурталчилах, хууль сурталчилгааны чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах, иргэдийн эрхийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа шүүхийн байгууллагатай сайтар уялдуулан зохион байгуулах чиглэлээр санаачлагатайгаар хамтран ажиллахыг хүсч, санал бодлоо илэн далангүй солилцохыг хүслээ.
Улаангом сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон сумын багийн Засаг дарга нар, багийн нийгмийн ажилтнууд, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, албан байгуулагын удирдлага, төлөөлөл, иргэдийн зүгээс Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхээс зорьж ирэн, шүүхийн үйлчилгээг Увс аймгийн иргэдэд ойртуулж, давж заалдах шатны шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн цахим болон биечлэн оролцох хүсэлтээр онлайнаар болон орон нутагт нь хийж байхаар болсонд талархаж байгаагаа илэрхийлж, шүүхийн шинэтгэлийн талаар санал бодлоо солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, харилцан ярилцлаа.
Уулзалтанд Увс аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулгыг урилгаар оролцуулж, давж заалдах болон анхан шатны шүүх, Улс аймгийн орон нутгийн удирдлагууд иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэх ажлыг уялдуулан зохион байгуулах арга, хэлбэрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ажиллах зарчмуудаа тодорхойлж чадсан нь уулзалт-ярилцлагын чухал үр дүн байлаа.
Энэхүү арга хэмжээнд Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга, нягтлан бодогч С.Гантулга нар зохион байгуулж, оролцож, санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагааны тэмдэглэлийг хөтөлж, оролцлоо.