Шинээр болон дэвшин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардуулж, баяр хүргэлээ
2017-02-21 23:17:40 | 97Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар зарлигаар зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардуулах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр шүүгчдэд үнэмлэхийг нь гардуулсан ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар байлцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батдоржийн Нармандахыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчий, Дагийшаравын Бямбасүрэнг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Нарангэрэлийн Энхмааг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бямбаагийн Ариунхишигийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Гочоогийн Нямсүрэнг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Төртогтохын Наранцогтыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвдоржийн Цогзолмааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр үнэмлэхээ гардаж авсан шүүгчдэд \"Хуульч мэргэжлийн ноён оргил болох шүүгчийн албан тушаалд томилогдсон Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе” гээд шүүгчийн өндөр хариуцлагатай албыг нэр төртэй, шударгаар хэрэгжүүлэхийг хүслээ.
Шүүгчид үнэмлэхээ гардсаны дараа тэднийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хүлээн авч баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шинээр болон дэвшин томилогдсон шүүгчдэд \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 300 гаруй хүнийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Үүнээс 142 нь анхан шатны шүүхийн шүүгчээр томилогджээ. Өнөөдөр Г.Нямсүрэн, Т.Наранцогт, П.Цогзолмаа нар томилогдсоноор энэ тоо 145 хүрч байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгчдийг хүлээн авч уулзаж баяр хүргэж байсан тохиолдол байгаагүй бөгөөд бидэнд тийм зав чөлөө хомсхон байлаа. Харин өнөөдрөөс эхлээд шинээр болон дэвшин томилогдсон шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүлээн авч уулзаж, баяр хүргэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Энэ нь цаашид албан ёсны арга хэмжээ болж, тогтмолжих болно.
Монгол Улсын төр бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 том эрх мэдэлтэй. Нөгөө хоёр эрх мэдлийн хувьд хэн нэгэн хүн дангаар төлөөлөх, хэрэгжүүлэх боломж байдаггүй бөгөөд заавал хамтын шийдвэрээр тэдгээр эрх мэдэл хэрэгждэг. Харин Монгол Улсын шүүгч бол дангаар \"шүүх эрх мэдэл”-ийг хэрэгжүүлдэг онцгой статус бүхий албан тушаалтан юм. Тийм ч учраас дэлхий дахинд \"шүүгч бол шүүгч” гэж үзэж, хуульч мэргэжлийн карьерын ноён оргил гэж хэлдэгийн утга учир нь үүнд байдаг. Үүнийг дагаад нийтийн дунд биеэ авч явах, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг нийгмийн амьдралд оролцох эрх зарим талаар хязгаартай байх бөгөөд шүүх эрх мэдлийн зарчим, үнэт зүйлд нийцсэн байх ёстой.
Дараагийн анхаарах асуудал бол, хууль гэдэг хүн төрөлхтний бүтээсэн үнэ цэнэтэй зүйлийг үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэдэг цорын ганц субъект бол шүүгч мөн. Энэ бол их том эрх мэдэл. Үүнийг яаж төгс, ухаалаг, зөв, мэдлэгтэй, чадвартай ашиглах вэ гэдгийг Та бүхэн байнга бодож, анхаарах шаардлагатай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн манлайлагчид байхыг хүсье.
Шүүгчийн албан тушаалын бас нэг онцлог бол тасралтгүй суралцах явдал. Ялангуяа шинээр томилогдож буй шүүгчид байнга өөрийгөө хөгжүүлэх, суралцахад анхаарлаа хандуулж байх шаардлагатай. АНУ-ын Үндсэн хуулийн 3-т \"Шүүгч хүн бол өө сэвгүй хүн байх ёстой” гэсэн байдаг. Шүүгчид ийм л өндөр шаардлага тавьдаг. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР