“Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудал” сэдэвт уулзалт болов
2017-02-21 23:19:29 | 84
Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Эрүүгийн хэргийн анхан болон завж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцлаа.
Шүүх хуралдааны жишиг танхимын нийт талбайн гуравны нэг нь шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэдэд зориулагдсан. Иргэд шүүх хуралдааныг ажиглах, хянах боломж бүрдсэнээрээ онцлог. Мөн шүүгч, өмгөөлөгч, прокурор болон хуралдааныг ажиглах иргэд тус, тусдаа хаалгаар орж гарах, танхим цонхгүй гэх зэргээр олон улсын стандартад нийцсэн, шүүх хуралдааны үед нарийн бичгийн даргын тэмдэглэлийг дэлгэцээр харах боломжтой, агааржуулалтын сүүлийн үеийн тоноглолтой гэх зэрэг давуу талтайг шүүгчдэд танилцууллаа.
Шүүх хуралдааны жишиг танхимд \"Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудал” сэдэвт уулзалт болов. Уг арга хэмжээнд шүүгчдээс гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нарын албаны хүмүүс оролцлоо. Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн \"Өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн хэргийн 7.2 хувь нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан нь мөрдөн байцаалтын чанарыг илэрхийлж байгаа” талаар мэдээлэлдээ дурьдлаа. Шүүхээр хэрэг мөрдөн байцаалтад буцаж байгаа нь нотлох баримтыг дутуу шалгасан, шинжээчийн зөрүүтэй дүгнэлт гаргасан, мөрдөн байцаалт нэг талыг барьсан зэрэг шалтгаантайг мөн тэрбээр онцолсон юм.
Харин Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар \"Шүүхэд хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцахад прокурорын алдаа гэж үздэг байсан. Нотлох баримт бүрдээгүй гэх шалтгаанаар прокурорууд хяналт тавьсан ихэнх хэргээ хэрэгсэхгүй болгочихдог тал байсан. Тиймээс одоо энэ байдлыг халж хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах нь прокурорын алдаатай холбоогүй гэж үзэж байгаа. Тэгснээр шалгасан эрүүгийн хэрэг бүрийг шүүхэд шилжүүлэх боломж бүрдэнэ” гэж тайлбарласан юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасан цагдан хорих зөвшөөрөл олгох, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход тулгарч байгаа асуудлын талаар мөн хөндөж ярилцлаа. \"Баасан гаригийн баривчилгаа” буюу 72 цагийн баривчилгаа оноохдоо хугацаа хэрхэн тооцох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа хууль, олон улсын гэрээ конвенц, Улсын Дээд шүүхийн тогтоолыг барьж ажиллахыг сануулсан. Хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх асуудал гарвал цагдаа, прокурор биш шийдвэр гаргасан шүүгч хариуцлага хүлээхийг санууллаа. Гүйцэтгэх ажиллагааны баримт сэлтийг нотлох баримт биш, нотлох баримтын эх сурвалж болгох учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг тайлбарласан.
Эцэст нь Эрүүгийн хуулийн 192-196 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудалд анхаарал хандуулав. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт байцаалтаар нотлох баримт бүрдүүлдэг. Уг хэрэгт байцаагдаж байгаа хүмүүс ихэнхдээ худал мэдүүлэг өгдөг, түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь учир дутагдалтайг мөн сануулсан. Мөн хууль хэрэглээний асуудал буюу борлуулах зорилгоор мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл олж авсан гэх заалтыг хэрхэн ойлгох, хэрэг тусгаарлахдаа анхаарах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар дээрх асуудлуудад анхаарч ажиллахаа хэллээ. Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлж байгаа хэргийн тоо жил бүр буурч байгаа, өнгөрсөн онд хяналт тавьсан хэргийн 14.4 хувь нь шүүхэд шилжсэн тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан. Эзэнгүй хэргийн тоо өссөн, Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилсэн, прокурорын байгууллагын ажил үүрэгтэй холбоотой гэх зэрэг шалтгаанаар хяналт тавьсан хэргийн цөөн хувь нь шүүхэд шилжсэн гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Цаашид хяналт тавьсан эрүүгийн хэрэг бүрийг шүүхэд шилжүүлэх бодлого барьж байгаагаа мөн ярилаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 30 хувиар нэмэгдэж, дунд сургуулийн хүүхдүүдийн түвшинд тархаж байгааг тодотгоод энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэл, өргөдөл, гүйцэтгэх ажиллагаагаар бус гагцхүү бүлэглэл рүү нэвтрэх байдлаар илрүүлж байгааг онцоллоо. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн эх сурвалжуудад холбогдох хэргийг тусгаарлах шаардлага бас гарч байгаа юм байна.
Мөн хулгайн гэмт хэрэг ихэсч, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллагдсан хүмүүс шүүхийн шатанд өөр нэг хэрэг ярьж, хэргээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгадаг аргатай болсныг сануулсан. Үүнээс үүдэж \"Дархлагдсан хулгайч” бий болчихоод байгаад анхаарал хандуулахыг хүссэн. Мөн албан тушаалын болон бүлэг холбогдогчидтой хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ дунд захидал зөөх, мэдүүлэгт нөлөөлөх зэргээр мөрдөн байцаалтад саад учруулж байгааг анхаарууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс