“ГОВИЙН ЧОНО-2018” СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
2018-06-05 12:20:20 | 102Онцгой байдлын Ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээ 2018 оны 06 сарын 04-ны өдөр аймгийн төв талбайд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн шүүхийн гамшгаас хамгаалах зөвлөлийн тэргүүн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан О.Ням-Адъяа шүүхийн байгууллагаа төлөөлөн Ховд аймгийн улаан загалмайн хороотой хамтран уг сургалт дадлагад оролцож байгаа билээ.
Мөн “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал зохион байгууллаа. Уг ёслолын жагсаалыг Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян командалсан юм.
“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь Монгол улсад 7 дахь жилдээ, Ховд аймагт \"Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа\" сэдвээр анх удаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, АНУ-ын Доршнер, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, түүний харъяа агентлагууд, Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын салбар хүмүүнлэгийн байгууллагууд, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцов.
Уг дадлага, сургуулийн үеэр урсгал ус, нуранги, уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг эрэлч нохой ашиглан явуулах, гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Монгол, Америкийн аврагчид хамтарсан сургалт, дадлага сургууль хийж, харилцан туршлага солилцож байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .