ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
2019-04-19 13:42:18 | 96Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Г.Нямсүрэн шүүхийн байгууллагад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Г.НЯМСҮРЭН: БИ ШҮҮХИЙН ОРОН ТООНЫ БУС АЖИЛТАН БОЛСОН
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Г.Нямсүрэн: Баярлалаа
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Та хэдэн оноос эхэлж шүүхээр үйлчлүүлж байна вэ?
Г.Нямсүрэн: Би 2009 оноос хойш Мянгад сумын малчид ард иргэдийн ажилласан байдлаа тогтоолгоход Мянгад сумын Давшилт нэгдэлд он удаан жил ажилласны хувьд гэрчээр байнга шүүх хуралдаанд оролцож, сумын иргэдийнхээ ажилласан байдлыг шүүхээр тогтоолгоход түүхийн амьд гэрч болж, тэдний хууль ёсны эрхийг сэргээхэд, тусалж, шүүхийн байгууллагатай хамтарч ажиллаж байдагтаа баяртай байдаг. Манай Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас баримтууд байхгүй болсон. Архивын тасгаас олдож байгаа баримтууд, гэрч нарын баримтуудад тулгуурлан ард иргэдийн олон жил ажилласан хөдөлмөрийг талаар болголгүй ажилласан жилийг нь тогтоож өгч байгаад талархаж явдаг.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамж хэр байна вэ?
Г.Нямсүрэн: Шүүхийн тамгын газрын үйлчилгээ иргэдэд шуурхай хүрч байна. Мэдэхгүй зүйл дээр зөвлөгөө өгч, тусалж явдагт талархаж явдаг.Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Та 2009 оноос хойш шүүхээр үйлчлүүлсэн гэж байна. 10 жилийн хугацаанд шүүх хэр өөрчлөгдөж байна вэ?
Г.Нямсүрэн: Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй болсон байна. Шүүхийн үүдээр ороод ирэхэд л шүүх нээлттэй болсон нь ажиглагдаж байна. Ялангуяа мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зөвлөгөөг илүү нарийн, тодорхой өгч байна. Зөвлөгөө өгсөний дагуу бид баримтуудаа цуглуулж өгч, шүүхээр хэргээ хурдан шуурхай шийдүүлж байна.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Танд шүүхийн залуу ажилчидад хандаж хэлэх зүйл байна уу?
Г.Нямсүрэн: Би Ховд аймгийн Мянгад сумын сургууль төгссөнөөс хойш амьдралын их сургуульд байнгын суралцаж байна. Шүүхийн байгууллагаар 10 гаруй жил үйлчлүүлсэн учраас өөртөө хуулийн талаар тодорхой мэдлэгийг авч байна. Цаашид ч сурах зүйл зөндөө байна. Хуулийн байгууллага иргэддээ хүндэтгэлтэй хандаж, иргэн нь хуулийн байгууллагадаа хүндэтгэлтэй хандаж байвал аль аль талынхаа ажилд дэмтэй байх болно.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Танд өөр хэлэх зүйл байна уу?
Г.Нямсүрэн: Би энэ шүүхийн орон тооны бус ажилтан. Шүүхийн байгууллага дотор намайг мэдэхгүй хүн байхгүй. Орж ирэлгүй хэд хонохоороо орж ирмээр санагддаг. Өглөө шүүхийн үүдээр ороод ирэхэд л бүгд “сайхан амарсан уу” гээд мэндэлдэг. Жаахан л ирэхгүй удахаар “яагаад ажил таслаад байна, цалинг чинь хасна” гэдэг. Ингэхээр надад их сайхан санагддаг. Миний хувьд нэг ч гэсэн хүн баярлуулж байвал надад болон миний үр хүүхдүүдэд бахархал юм.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд болон таны гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Г.Нямсүрэн: Шүүхийн байгуулагад баярлалаа гэдгээ шүүхээр хууль ёсны эрхээ сэргээлгэсэн олон зуун иргэдийн өмнөөс илэрхийлж байгаагаа дахин хэлэхийг хүсч байна.
. . .