-1

Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцууллаа

2015-12-16 10:42:28    |   102

 

 

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж болон Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг нарын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар мэдээлэл хийв. МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт шүүхийн тамгын газрын дарга нар байлцсанаараа онцлог болсон тус хэвлэлийн хуралд Завхан, Говьсүмбэр, Баян-Өлгий аймаг дахь шүүхүүд онлайнаар холбогдлоо.

\"\" 

 

 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж бүтэн жилийн турш \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг сурвалжилж, шүүхийн шинэтгэл, хууль сурталчлах ажилд туслалцаа үзүүлдэг хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагч, ажилтнуудад талархал илэрхийллээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжиллаа. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд МҮОНТ-ийн \"ММ агентлаг”, МҮОНР, Ийгл телевиз, \"ТМ” телевиз, \"Өнөөдөр” сонин, \"Залуу” сайт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон орон нутгаас хүрэлцэн ирсэн шүүхүүдийн Тамгын газрын дарга нараас шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлага, тодруулга авав.

 

Шүүхийн тухай багц хуулиуд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэс шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж эхэлсэн гэж үзвэл ердөө л 2,7 жил болж байгаа юм. Гэвч энэ богино хугацаанд их ажлыг амжуулсан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцлов. Ингээд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн 10 үр дүнгийн талаарх танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэе.

 

1. Шүүхийн эрх зүй

 

Зохион байгуулалтын ганц хуулиас процесжуулан зохицуулсан багц хуульд шилжсэн тухай

 

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилснаар шүүх эрх мэдлийн бие даасан байх эрх зүйн үндэсийг тогтоосон. Энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталснаас хойш 20 жилийн дараа 2013 оны 4 дүгээр сарын 15-наас Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн. Эдгээр 5 хууль нь шүүх эрх мэдэлд хамааралтай бүх харилцааг цогцоор нь зохицуулснаараа ач холбогдолтой.

 

Шүүхийн тухай багц хууль батлагдснаас хойш \"Шүүх байгуулах тухай хууль” /шинэчилсэн найруулга/ 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдан 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

2. Шүүхийн бие даасан байдал

 

Шүүн таслах болон шүүхийн захиргааг салгасан нь шүүх бусад эрх мэдлээс хараат бус бие даан ажиллах нөхцөл бүрдсэн.

 

Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар заасан үзэл баримтлал, эрх зүйн үндсийн хүрээнд бүрэн эрхээ бодит утгаар нь хэрэгжүүлэх бүх талын бодит боломжийг анх удаа бүрдүүлж өгсөн.Шүүх эрх мэдлийг засгийн бие даасан салаа болгосон ба эрх мэдлүүд хоорондын хяналт, тэнцвэрт байдлыг хангахын тулд шүүхийн тогтолцоог үндсэн, дагнасан болон төрөлжсөн шүүхээс бүрдүүлэхийн зэрэгцээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилго бүхий \"Шүүхийн ерөнхий зөвлөл” ажиллах эрх зүйн үндсийг хуульчлан тогтоосонд оршино.Уг хууль батлагдан гарснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн захиргааны бүхий л үйл ажиллагааг бие дааж явуулдаг болсон. Шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулдаг болсноор шүүх бусад эрх мэдлээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах үндэс бүрдсэн.

 

3. Нээлттэй шүүх

 

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах хуулийг нэг мөр, зөв хэрэглэх зорилгоор хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотойгоос бусад шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байршуулсан шүүхийн шийдвэрийн цахим сан /www.shuukh.mn, shuukh.app/-г нээлттэй ажиллуулж байгаа билээ. Одоогийн байдлаар цахим санд 133349 хэргийн 180868 шийдвэр байршуулаад байна.

 

Нийт шүүхийн 105 шүүх хуралдааны танхимд дуу болон дүрс бичиж, архивлах тоног төхөөрөмж суурилуулснаар сонирхсон этгээд нээлттэй шүүх хуралдааныг шүүхийн байранд шууд үзэх, хэргийн оролцогчид бичлэгийг хуулж авах, прокурор, цагдаагийн байгууллага сургалтанд ашиглах, давж заалдах шатны шүүх хуулбарлан авах, шүүхийн ёс зүйн хороо тухайн шүүгчид холбогдох шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах зэрэг байдлаар ашиглах боломжтой.

 

Мөн орон нутгийн нийт шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр явуулж байгаа юм. Үүнээс гадна шүүхүүд хоорондоо холбогдож мэдээ, мэдээлэл солилцох,шүүх хуралдаанд алсын зайнаас нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шинжээчийг оролцуулж байна. 2015 онд нийт 127 удаа энэхүү системийг ашиглажээ. Тухайлбал орон нутгийн шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос 26 удаа, орон нутгийн шүүх хуралдаанд бусад орон нутгаас 78 удаа, шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулсан сургалт семинар 23 удаа тус тус ашиглаад байна.

 

4. Мэргэшсэн шүүх, шүүгч

 

Шүүх бүхэлдээ дагнасан нь мэргэшсэн шүүх, шүүгчээр иргэд хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй болсон

 

2013 оны Шүүхийн тухай багц хуулийн бүрдэл хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүх шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орон нутаг дахь сум дундын 6 шүүхээс бусад бүх анхан шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан байгуулж, улсын хэмжээнд нийт 99 шүүх шүүн таслах ажиллагааг явуулж, иргэд хэрэг маргаанаа дагнасан мэргэшсэн шүүх, шүүгчээр шийдвэрлүүлэх бүрэн боломж нээгдсэн.

 

5. Шүүхийн эдийн засаг

 

төсвийн бие даасан байдал, улсын төсөвд эзлэх хувь хэмжээ, төсвийн хамгаалалт, шүүгчдийн цалин, бусад хамгаалалт

 

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар төрөөс онцгой анхаарч шүүхийн тухай багц хуульд тусгасан.

 

Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ, Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно, Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна, Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн тодорхой хуулийн заалтууд бий болж шүүх засаглалын эдийн засгийн дархлаа бүрдэж хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл хуулиар баталгаажсан.

 

Шүүхийн 2015 оны төсөв 58.8 тэрбум болж 2012 оны төсөв 20.9 тэрбумаас 2.8 дахин, улсын нэгдсэн төсөвт эзлэх хувь 0.33% байснаас 0.75% болж 2.26 дахин өссөн байна. Шүүхийн төсвийг 2013 оноос нэмэгдүүлснээр шүүхийн байрыг засах, тоног төхөөрөмжийг сайжруулах, тавилгыг шинэчлэх, шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгах, шүүхийг иргэдэд нээлттэй болгох, шүүгчийн орон тоог өсгөх, шүүгчийн албан тушаалын цалинг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Шүүхийн сүүлийн 4 жилийн төсөв, нэгдсэн төсвийн нийт зарлагад эзлэх хувь

\"\" 

 

Хэдий тийм ч бүх шатны шүүхэд 2014, 2015 онд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй нь 2013 оноос хойш нэмэгдсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид байрандаа багтахгүй, ашиглалтын хугацаа нь дуусч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан, гадаад орны байгууллагын байрыг түрээслэн хэрэг шүүн таслах үйл ажиллагаа явуулахад хүргэж байгаа тул цаашид шүүх өөрийн байртай байна, шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлэх, шүүх засаглалын хараат бус байдлыг бататгах, эдийн засгын баталгааг сайжруулах, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, шүүхийн зориулалтын, стандарт хангасан байртай болох зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

6. Шүүгчийн хараат бус байдал

 

Эдийн засгийн хараат бус байдал- цалин бусад хамгаалалт, нөлөөллийн мэдүүлэг, бусад зохицуулалт

 

Шүүгч, шүүхийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах ажлын хүрээнд \"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгаалал”-ын хөтөлбөрийг баталж, 2014-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт \"Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь шүүгч эдийн засгийн хувьд хараат бусаар ажиллаж, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна” гэж заажээ.

 

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, батлагдсан төсвийн хүрээнд шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 45 дугаар тогтоолоор тогтоосон нь хуулийг хэрэгжүүлж, шүүгч эдийн засгийн хувьд хараат бус байх баталгаа хангагдах нөхцлийг бүрдүүллээ.

 \"\"

 

 

Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд хуулийг хэрэгжүүлж олгосноор багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүгчийн эрх ашгийг хамгаалах, цаашлаад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгааг хангах ажилд оруулсан томоохонхэмжээний хөрөнгө оруулалт боллоо.

 

Шүүгчид нөлөөлөх оролдлого гарахаас урьдчлан сэргийлж шүүгч нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа нь шүүгч гагцхүү хуульд захирагдан, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх явдал юм. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хянан шийдвэрлэж буй хэрэг маргаантай нь холбогдуулан аливаа этгээдээс нөлөөлөх оролдлого хийвэл шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хараат бус байдал хамгаалагддаг арга хэрэгслийн нэг билээ.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчдээс нийт 12 нөлөөллийн мэдүүлгийг хөтлөн ирүүлжээ. \"Нөлөөллийн мэдүүлэг шийдэрлэх журам”-ыг ШЕЗ-өөс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталснаас хойш 3 нөлөөлллийн мэдүүлэг ирснийг холбогдох байгууллагад хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор \"Бодь даатгал” ХХК-тай гэрээ байгуулснаар анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгаж, эрсдэлээс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

 

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэгт заасан шүүгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөхөөс сэргийлэх, хууль тогтоомжийн зөрчилдөөнт байдлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулан, хууль санаачлагчид өргөн барилаа.

 

7. Эвлэрүүлэн зуучлал

 

Иргэдийн хооронд энх тайванч уур амьсгал бүрдүүлэх, шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг шуурхай шийдвэрлэхэд нь иргэдэд тусалж буй хэлбэр болсон

 

Шүүхийн тухай багц хуулийн нэг хэсэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Японы ЖАЙКА төсөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран нийт 20 удаагийн сургалтаар 677 эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн бөгөөд тэдгээрийг 2 удаагийн давтан сургалтад хамруулсан байна. Мөн тус байгууллагууд хамтран 12 аймгийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд мониторинг, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж, Япон улсад 3 удаагийн сургалтаар нийт 66 хүнийг эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалтад хамруулаад байна.

 

2014 оны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүтэн жилийн нэгдсэн дүн мэдээгээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид нийт 6427 нэмэмжлэл болон өргөдөл хүлээн авсанаас 5122 өргөдлийг шийдвэрлэсэн байна. 5122 өргөдөл шийдвэрлэлтээс 2847 нь эвлэрэл амжилттай болсон байна.

 

2015 оны хагас жилийн дүн мэдээгээр 7511 өргөдөл хүлээн авсанаас 5748 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс 3842 буюу 66.8 хувьд эвлэрэл амжилттай болсон байна.

 

Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2015 оны эхний хагас жилийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал: Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 3.2 дахин, шийдвэрлэсэн байдал 3.5 дахин, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 2.1 дахин тус тус өссөн байна.

 

Үүнээс харахад жил ирэх бүр иргэдийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх байдал болон эвлэрүүлэн зуучлалын амжилттай болсон нөхцөл тус бүр нэмэгдэж байгаа нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа үр дүнтэй байгаагийн илрэл төдийгүй, шүүх, шүүгчийн ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөж байгаа ач холбогдолтой үйл явц юм.

 

8. Хүний нөөцийн шинэтгэл

 

Шүүгчдийн орон тоо хангалттай нэмэгдсэний үр дүн, ач холбогдол, сонгон шалгаруулалт, хуульчдын өрсөлдөөн, сонгон шалгаруулах шинэ арга хэлбэр, 100 шүүгч шинээр нэмэгдсэний үр дүн, ач холбогдол

 

Монгол Улсын хувьд шүүхийн шинэтгэл хэрэгжиж шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ шатанд гарсан юм. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга, нээлттэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, цаг хугацаа, зардал хэмнэн явуулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй \"Засаглал, ил тод байдлыг дэмжих\" төслөөс санхүүжилт хийлгэн хамтран ажиллаж \"ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМ”-ийг нэвтрүүллээ. Ингэснээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахимаар явуулж эхлэхийн зэрэгцээ хүн хүч, цаг хугацаа, зардал хэмнэж, нэр дэвшигчийг хөндлөнгийн нөлөөллөөс ангид, шударгаар үнэлж, дүгнэх нөхцөл бүрдсэн цогц шинэлэг шийдэл байлаа. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын журам, Шүүхийн мэргэшлийн хорооны үйл ажиллагааны журам, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн ашиг сонирхлын эсрэг журам зэрэг хууль эрх зүйн шинэ тогтолцоо бүрдсэнээр хараат бусаар ажиллах шүүхийн мэргэшлийн хороо, шүүгчид нэр дэвшигчийг олон улсын жишигт нийцсэн арга, хэрэгслээр зөв шудрага шалгаруулах нөхцөл байдал бүрдсэн.

 

Тухайлбал: шүүгчид нэр дэвшигчийн зан төлвийн үнэлгээг сонгон шалгаруулалтын аргад нэвтрүүлсэн үйл явдал юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.5-д шүүгчид тавих шаардлагад мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шудрага ёсыг эрхэмлэдэгхүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай; хэмээн заасан байна. Үүний дагуу Шүүгчийн сонгон шалгаруулах журмын 3.1.2,3-д нэр дэвшигчийн \"мэргэжлийн ёс зүй”, \"шүүгчээр ажиллах зан төлөв”-г үнэлж, дүгнэх шалгуурыг бий болгосон.

 

\"Шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйг дүгнэх үнэлгээний хуудас”-ыг нэр дэвшигчийг тодорхойлж чадахуйц этгээдүүдээс тохиолдлын журмаар авахаар шүүгчийн сонгон шалгаруулалтын журамд тусгасан. Энэ нь шүүгчид нэр дэвшигчийн ёс зүй, зан төлвийг тогтоох шинэлэг арга болсон. Нэр дэвшигчийн өнгөрснийг судлах, мэргэжлийн хувьд хэр ёс зүйтэй хүн байсныг тогтоох нь ёс зүйтэй шүүгчийг тодруулах ач холбогдолтой.

 

Дээрх шинэчлэлийн дагуу шүүхийн шинэтгэлийн хүрээнд 100 шинэ шүүгчийг шүүхийн \"гал тогоо”-нд оруулж, шүүхийн хүний нөөцийг шинэ шүүгчээр сэлбэлээ. Өөрөөр хэлбэл Монголын нийт шүүгчдийн 13 хувийг шинэчилсэн байна. Шинээр томилогдсон шүүгчдийн 52,3 хувь нь шүүхийн гаднаас буюу өмгөөлөгч, прокурор, хуулийн зөвлөх зэрэг мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай хуульчид шүүгч болсноор онцлог болсон. Мөн эдгээр шүүгчийн 25 нь буюу 39,7 хувь магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шинээр томилогдсон шүүгчдийн боловсролын түвшин ахисан болохыг харуулж байгаа үзүүлэлт боллоо. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч нарын тодорхой хэмжээгээр шинэчилсэн нь анхан болон давж заалдах хяналтын шатны нийт шүүгчдийн дундаж нас 43,4 байгаа шүүгчдийн дундаж насны тоон үзүүлэлтээс харагдаж байна. Тухайн орон нутагт олон жил шүүгчээр ажилласан, субъектив нөлөөлөлд өртөх магадлалтай нас тогтсон шүүгчдээс илүү шинээр тухайн орон нутагт томилогдсон залуу, мэдлэг боловсролтой хуульдаас шүүгчдийг шилж сонгосон нь шүүх танил талаараа хэрэг шийдвэрлэдэг гэсэн олон нийтийн хардалтыг багасгах ач холбогдолтой.

Шүүхийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, үргэлжилсэн сургалтыг хөгжүүлэх бодлого, стратегийг шинэчлэн тодорхойлж \"Шүүхийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарын нөөцийг бүрдүүлэх болон сэдэвчилсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулсан нь сургалтын агуулгыг шүүхийн шинэтгэлийн үзэл баримтлал, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн өөрчлөх эхлэл боллоо.

 

9. Шүүхийн аюулгүй байдал

 

Тахарын хамгаалалт: шүүх хуралдааны дэг, гэрч хохирогчийг хамгаалах, шүүхэд дуудан ирүүлэх

 

Тахарын албаны тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.4, 6.1.6 дахь заалтууд, Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны А/96, 90 дугаар хамтран баталсан \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын заалтуудыг мөрдлөг болгон 2015 оны эхний хагас жилийн байдлаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллах ажлын хүрээнд улсын хэмжээнд 43 шүүхийн 42 шүүхийн байранд өдөр тутам 24 цагаар тахарын албаны харуул хуяг, өдрийн 8 цагаар журам сахиулах үүрэг гүйцэтгэж байна.

 

Үүрэг гүйцэтгэх хугацаанд эрүүгийн хэргийн 6947, иргэний хэргийн 16787, захиргааны хэргийн 3076, үүнээс онлайн сүлжээний хурал 68 нийт 27453 шүүх хурал хуралдсанаас 14737 шүүх хуралдааны журмыг сахиулан шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэн, шүүхийн байранд 191447 иргэнийг бичиг баримтыг шалгаж нэвтрүүлж ажилласан.

 

Шүүх хуралдааны явцад 91572 оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, шүүхийн шатанд шүүгдэгчээс батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1219, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 812, шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн 1466, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан 1816, яллагдагч, шүүгчдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 406 удаагийн шүүх хуралдааны журам сахиулсан.

 

Шүүхийн түр саатуулах байранд яллагдагч, шүүгдэгч нарын эрх ашгийг хангаж өмгөөлөгчтэй 706 удаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй 1681 удаагийн түр уулзалтыг зохих хууль, журмын дагуу зохион байгуулсан байна.

 

Шүүхийн байранд болон бусад газар шүүх хурал болохтой холбогдуулж олон оролцогчтой, шүүх хуралдааны хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор хүч нэмэгдүүлсэн хамгаалалт 29 удаа явуулсан байгуулсан.

 

Гэрч, хохирогчийн хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэнээс ирүүлсэн 22, өмгөөлөгчөөс гаргасан 2, шүүгчийн захирамжийн дагуу 2, Шүүхийн тамгын газраас Шүүгчийн хамгаалалтанд авах тухай 3 албан бичиг, Цагдаагийн газраас хохирогчийг хамгаалуулах тухай 4, Төв аймгийн цагдаагийн газраас гэрчийг хамгаалуулах тухай 1, ТББайгууллагаас ирүүлсэн 2 нийт 36 өргөдөл, хүсэлт хүлээн авч, урьдчилан сануулах 11, биечлэн хамгаалалт 3, аюулгүй газар түр байрлуулах арга хэмжээ 2, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ 1 удаа тус тус зохион байгуулж, шүүгч 1, хохирогч 13, гэрч 5, хохирогчийн хамаарал бүхий этгээд 19 нийт 38 иргэний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авсан байна.

 

Сэжигтэн, яллагдагчийг хуяглан хүргэх арга хэмжээний хүрээнд цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд оруулахаар 1882, шүүхээс цагдан хорих байранд 3091, цагдан хорих байрнаас орон нутгийн жирийн дэглэмтэй хорих байранд 289, баривчлах ял эдлүүлэх ангид 55, дамжин өнгөрүүлэх ангид 199, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 9, эмэгтэйчүүдийн хорих ангид 12 нийт эрэгтэй 4120, эмэгтэй 204, насанд хүрээгүй 48, хөгжлийн бэрхшээлтэй 15 сэжигтэн, яллагдагч нарыг хуяглан хүргэх ажиллагаа зохион байгуулсан байна.

 

Шүүхэд гэрч, хохирогч, яллагдагч, бусад оролцогчийг албадан ирүүлэх шүүгчийн 567 захирамжийг хүлээн авч 1093 удаагийн ажиллагаа гүйцэтгэж яллагдагч 18, хариуцагч 504, хохирогч 6, нэхэмжлэгч 1, шинжээч 4, гэрч 18-ыг албадан ирүүлэх арга хэмжээ авсан.

 

Шүүхээс иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах 2869 шийдвэр хүлээн авч 1320 иргэний хариуцагчийн хаяг, байршлыг тогтоон шүүхэд хариу хүргүүлж, 1516 иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна.

 

Шүүн таслах ажиллагаанаас оргон зайлсан 2, прокурорын хяналтаас оргон зайлсан 4 яллагдагчийг олж хүлээлгэн өгсөн байна.

 

 

10. Шүүхэд итгэх итгэл

 

2007 онд шүүхэд итгэдэггүй гэх хувь 77 хувь байсан бол одоо шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81 хувь, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 60 хувь шүүхэд итгэж байна гэсэн ахиц гарлаа

 

Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр батлагдсанаас хойш шүүхийн шинэтгэлийн үйл явц болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц огтхон ч тасалдан саатаагүй бөгөөд энэ хоёр үйл явцын үр дүнг илэрхийлэх, үнэлэх бараг цорын ганц шалгуур үзүүлэлт бол шүүх засаглалд итгэх олон түмний итгэл юм.

 

Шүүхийн шинтгэлийн үйл явц эхлэхээс өмнө 2008 онд нээлттэй нийгэм форумаас АНУ-ын профессор Брент Уайлтаар хөндлөнгийн судалгаа хийлгэхэд шүүрэд итгэх итгэл 23.0 хувь, 2010 онд Сант марал судалгааны төвийн хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 15.0 хувьтай болж буурч байсан байна.

 

Шүүхийн шинэтгэл эрчимтэй эхэлсэнээс хойш буюу шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 1,5 жилийн хугацаанд иргэд олон нийт шүүхэд итгэх итгэл хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох зорилгоор олон нийтийн санал бодлын судалгаа хийсэн болно.

 

Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг зохион байгууулсан ба судалгаанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн насны хүн амын төлөөлөл хамрагдсан. Судалгаа санамсаргүй түүврийн аргаар хийсэн ба экспертийн ярилцлагыг удирдах түвшний хүмүүсийн дунд зохион байгуулж, шүүхийн ажилтнууд, шүүхээр үйлчүүлж байсан болон шүүхээр үйлчүүлж байгаагүй нийт 3290 хүн хамрагдсанаас шүүхээр үйлчлүүлээгүй иргэд 2522, шүүхээр үйлчлүүлсэн иргэд 645 байсан байна.

 

Энэ судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн 60.6 хувь нь өнөөдөр шүүх хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шудрагаар шийдвэрлэж байна гэдэгт итгэдэг гэж хариулсан ба энэ үзүүлэлт шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн хувьд бүүр өндөр 81.4 хувь нь шүүхийн үйл ажиллагаа шудрага болно гэдэгт итгэж байна. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэд шүүх хэрэг маргааныг шудрага ар шийдвэрлэдэг гэдэгт итэгдэггүй /39.8/, тэрчлэн хариулж мэдэхгүй байгаа 21.5 хувийн хамарч байгаа хүмүүсийн эзлэх хувь шүүхээр үйлчлүүлсэн иргэдийнхээс өндөр байна.

 

Шүүхэд итгэх иргэдийн эрс өссөн өсөлтийн эх үндэс нь шүүхийн шинэтгэлийн үйл явц мөн гэж бид үзэж байгаа. Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх нь дараах байдалтай байна.

 

Судалгаанд оролцогчид шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа эсэх

 

 

Шүүхийн шинэтгэлийн дэмжлэг

 

Дэмжиж байгаа

Дэмжихгүй байгаа

Мэдэхгүй

Бүгд

Шүүхийн ажилтанууд

93.8

6.2

0.0

100.0

Шүүхээр үйлчлүүлсэн иргэд

61.5

10.6

27.9

100.0

Шүүхээр үйлчлүүлээгүй иргэд

46.1

8.1

45.8

100.0

Бүгд

67.1

8.3

24.6

100.0

 

 

 

Шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлсэн олон алхам, арга хэмжээнүүдээс иргэд олон нийт хамгийн өндөр үнэлж байгаа нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод болсон явдал юм. Энэ бол шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлсэн, шүүхийн шинэтгэлийг дэмжих иргэдийн дэмжлэгийг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ, чухал алхам болжээ.

 

. . .