ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
2015-12-21 13:11:27 | 99Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 183 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх шатны шүүхийн Тамгын газрын 2015 оны ажлын үр дүн, шүүхийн тамгын даргын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэн, дүнг шүүхийн тамгын газар тус бүрээр нэгтгэж, ажлын үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авч, эхний 3 байрт шалгарсан шүүхийн тамгын газруудад болон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авсан шүүхийн тамгын газрын дарга нарт \"Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж, дүгнэх журам”-ын 6 дугаар зүйлд заасны дагуу урамшууллыг тооцож олгох асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор энэхүү танилцуулгыг бэлтгэв.
Тус ажлын хэсэг шүүхийн тамгын газрын ажлыг үнэлэхдээ шүүхийн тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, 2015 оны үйл ажиллагааны тайлан болон ажлын тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ, шүүн таслах ажлын болон хэргийн хөдөлгөөний удирдлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системийн хэрэгжилтийн үр дүн, ашиглалт, холбогдох мэдээ, тайлан, санхүүгийн тайлан тэнцэл, аудитын үнэлгээ, дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд орон нутгийн болон нийслэлийн шүүхүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж зохих удирдамжийн дагуу танилцсан дүн буюу хяналт–шинжилгээ, үнэлгээний үр дүн, явцын үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шүүхийн тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийн тухай илтгэх хуудас, шүүхийн цахим хуудас, хэвлэл, мэдээлэл зэрэг баримт, мэдээллийн эх сурвалжуудад тулгуурлан үнэллээ.
Ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, түүний үр дүн, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг иж бүрэн тооцох зорилгоор ажлын албаны бүтцийн нэгж бүрт үнэлгээний хүснэгтийг хавсралтаар хүргүүлсний үндсэн дээр бүтцийн нэгж бүр харьяалах чиг үүргийн дагуу үнэлгээ өгч, тухайн үнэлгээг ажлын ямар үзүүлэлт, үр дүнд үндэслэн өгсөн тухай үндэслэл бүхий тайлбарын хамт ирүүлсэнийг нэгтгэж, дүнг урьдчилсан байдлаар гаргасны эцэст ажлын хэсэг хуралдаанаараа хэлэлцэн зарим асуудал /Тамгын газрын ажлын талаар тухайн шүүхийн шүүгч болон иргэдээс тохиолдлын журмаар авсан судалгааны үзүүлэлт, тамгын газрын үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мөн тайлан мэдээг хугацаанд нь чанартай гаргаж ирүүлсэн байдал зэрэг үзүүлэлт/-ыг онцлон анхаарч, үнэлгээг дахин нарийвчлан нягталсны дүнд эцсийн байдлаар нэгдсэн дүнг гаргасан.
Нэгдсэн үнэлгээгээр 1 дүгээр байранд 92.95 оноогоор \"Бүрэн хангалттай” үнэлгээ авсан Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар, 2 дугаар байранд 91.75 оноогоор \"Бүрэн хангалттай” үнэлгээ авч, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар, 3 дугаар байранд 90.90 оноогоор мөн \"Бүрэн хангалттай” үнэлгээ авч, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар шалгарлаа.
Харин үнэлгээгээр хамгийн сүүлийн байруудыг 74.42 оноогоор \"Хангалттай” үнэлгээ авч, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар, 73.15 \"Хангалттай” үнэлгээ авч, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар, 70.93 \"Хангалттай” үнэлгээ авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрууд эзэлжээ.
2015 оны хувьд, ажлын үр дүнгээр \"Бүрэн хангалттай” буюу \"А” үнэлгээ авсан шүүхийн 7 тамгын газар /Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шүүхийн тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар/ байгаа бол \"Хангалттай сайн” буюу \"В” үнэлгээ авсан 25, \"Хангалттай” буюу \"С” үнэлгээ авсан шүүхийн 8 тамгын газар байна.
2014 онд 75.39 оноогоор \"Хангалттай” үнэлгээ авч, ажлын үнэлгээгээрээ сүүлийн байруудыг эзэлж байсан Ховд аймаг дахь давж заалдах шүүхийн тамгын газар, 2015 онд 86.22 оноогоор \"Хангалттай сайн” буюу \"В” үнэлгээ, 79.47 оноогоор \"Хангалттай” үнэлгээ авч байсан Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар 81.74 оноогоор \"Хангалттай сайн” буюу \"В” үнэлгээ авч, ажлын үр дүнгээ ахиулсан амжилтуудыг тус тус гаргажээ.