-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО.

2020-01-08 16:35:58    |   93

Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгын нээлтийн арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Ховд аймгийн шүүх “Өргөтгөлийн барилга”-ын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Э.Батбаяр оролцож, хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш анхны шүүхийн барилга орон нутагт тэр тусмаа Ховд аймагт баригдаж, шүүхийн шүүгч, ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл дээшилж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд тухтай, тохитой үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж байгаа нь чухал зүйл юм. Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгыг барьж, байгуулахад санаачлага гарган ажилласан Ховд аймгийн шүүхийн тамгын газар, шүүхийн шүүгч, ажилтнууд, барилгыг ажлыг богино хугацаанд чанартай материалаар сэтгэл гарган барьж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн “Вива зоне” ХХК –ны хамт олон, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, хамтран ажилладаг аймаг орон нутгийн удирдлагуудад та бүхэнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтанд оруулахад Шүүхийн Ерөнхий зөвлөл анхнаас нь тууштай дэмжиж, зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.
Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа, хүний эрхийг сэргээн тогтоох, хамгаалах, шударга ёсыг тогтоох, иргэд, олон нийтэд шүүхийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээгээ улам сайжруулж ажиллахыг хүсэн ерөөе” гэлээ.
Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын дарга Б.Мөнхбат, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгч П.Нямлхагва, Өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Вива зоне” ХХК –ны захирал Д.Дарамбазар болон Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар болон Ховд аймгийн хуулийн байгууллага, хамтран ажилладаг байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцлоо.
Өргөтгөлийн барилга баригдсанаар Ховд аймгийн шүүхийн барилгын нийт ашигтай талбай 570 м2-аас 1200 м2 болон өргөжиж, шүүхийн шүүгч, ажилтнуудын өрөө, тасалгааны хүртээмж нэмэгдэж, шүүх хуралдааны танхимын тоо нэмэгдэж, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдсэн.
Нээлтийн ёслолын арга хэмжээг Ховд аймгийн Жаргалант телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэж, Ховдын мэдээ сонин хамтран ажиллалаа.
\"\"\"\"
\"\"\"\"

. . .