Эргүүл хамгаалалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа
2018-08-31 10:58:15 | 83Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сайнхишиг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Нийслэл дэх шүүхийн тамгын газрын дарга нар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын НХЖХ,ОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнтэй танилцлаа. Тус газарт нийслэлийн хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс хамаардаг бөгөөд 99 цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр чиг үүргээ гүйцэтгэж байна.
Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Б.Эрдэнэном, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хошууч Ж. Батзориг нар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, цаашид шаардлагатай орон тооны талаар танилцуулга хийлээ.
Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сайнхишиг 2018 онд шинээр ашиглалтад орж буй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байруудыг хамгаалалтад авах, цаашлаад 2016 оноос хойш 3 ээлжээр үйл ажиллагаа явуулж буй шүүхийн байрны харуул хамгаалалтын орон тоо болон шүүх хуралдааны дэг сахиулагч цагдааг шүүх хуралдааны танхимын тоотой уялдуулан нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх саналыг цагдаагийн удирдлагуудад уламжиллаа.