Илүү авсан гэх тэтгэвэрийг нөхөн төлүүлэх актыг үндэслэлгүй гэж үзэв

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан

шатны шүүхийн шийдвэр 2023.02.02-ны өдрийн Дугаар 125/ШШ2023/0003

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2023 оны 07 сарын 27, Дугаар 6

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

            Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нар хяналт шалгалтаар иргэн У.С-г хуульд заасан болзолыг хангаагүй байхдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан гэх зөрчлийг илрүүлж, илүү авсан тэтгэвэрийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.

Хариуцагчаас “нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох өргөдөлдөө хувийн мэдээллээ бүрэн бичээгүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласан байдлаа тогтоолгохдоо ерөнхий боловсролын сургуульд сурч байсан хугацааг оруулан тооцсон талаар тайлбарлаж залруулаагүй буруутай” гэж, нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хэрхэн тооцож тэтгэвэр тогтоох нь нийгмийн даатгалын байгууллага мэдэх ёстой, тухайн үед надад тайлбарлаж хэлсэн бол зохих шаардлагыг хангуулсаны дараа тэтгэвэрээ тогтоолгох боломжтой байсан.” гэж тус тус тайлбарлаж маргана.

Тэтгэвэр тогтоолгох иргэний өргөдөл, хавсаргасан баримтыг хүлээж авсан нийгмийн даатгалын байцаагч нягтлан шалгаж, тэтгэвэр тогтоох болзол шаардлага хангасан тохиолдолд түүнийг үндэслэн тэтгэвэр олгох шийдвэр гаргах, харин болзол, шаардлага хангасан гэж үзэхэд эргэлзээтэй, зөрүүтэй баримт байгаа тохиолдолд түүнийг тодруулж, холбогдох баримтыг ирүүлэхийг өргөдөл гаргагчаас шаардах, ийм баримт байхгүй тохиолдолд тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байх үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт заасан хугацааг өөрчлөх, дахин тогтоох талаар талууд маргах эрхгүй ч нэхэмжлэгчийн ерөнхий боловсролын сургууль төгссөн болон малчнаар ажилласан хугацааг тодорхойлсон зэрэг баримт илэрхий тодорхой байхад нийгмийн даатгалын улсын байцаагч эрх хэмжээний хүрээнд уг баримтыг үндэслэн тэтгэвэрийг тогтоох эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Хуульд иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдсон тохиолдолд илүү авсан тэтгэвэрийг иргэнээр нөхөн төлүүлэхээр заасан.

Гэтэл тэтгэвэр тогтоолгох болзолыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоосон гэх нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутган хууль бусаар тэтгэвэр илүү авсан гэж акт тогтоосон нь бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгчийн ерөнхий боловсролын сурч байсан хугацааг ажилласан байдлаас хасч тооцоход 3 сарын хугацаанд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлснөөр хуульд заасан шаардлага хангаж, тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхээр байхад 1 жилийн хугацаанд авсан бүх тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://shuukh.mn/single_case/12423?daterange=2023-01-01%20-%202023-07-26&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

                                                               шүүгч С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.