Сумын Засаг даргын тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд  хүргүүлэх үүрэгтэй

Сумын Засаг даргын тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд

 хүргүүлэх үүрэгтэй

 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар : 2025.09.18ы өдрийн  125/ШШ2025/0061

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй гэх үндэслэлээр Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны жилийн эцчийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүйн улмаас Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан болох нь тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.

Харин нэхэмжлэгчээс “...санхүүгийн тайланг цахимаар илгээх, хүргүүлэх нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын ажлын чиг үүрэгт хамаарах тул тэдэнд хариуцлага тооцох ёстой байтал надад сахилгын шийтгэл ногдуулсан нь  үндэслэлгүй “ гэж маргасан.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуульд зааснаар байгууллагын төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд болох төсвийн шууд захирагчид хамаарч байх тул  төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан атлаа санхүүгийн тайланг хүргүүлэх  үүрэггүй, албан тушаалын чиг үүрэгт хамаарахгүй  гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.  

Төсвийн шууд захирагч нь санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогчийг удирдан зохион байгуулж, гаргасан санхүүгийн тайланг тайлангийн үнэн зөв эсэхийг  хянаж баталгаажуулсаны дараа тайланг хүргүүлэх байтал надаас үл хамаарах шалтгаанаар тайланг хоцроосонд буруугүй гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. 42.4.Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.” гэж нарийвчлан зохицуулсан  байх тул нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг дэс дараалан ногдуулсан байхыг шаардахгүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам үйлчлэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

   Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/19257?daterange=2025-01-01%20-%202025-10-22&id=1&court_cat=3&bb=1

 

 

 

Тоймыг бэлтгэсэн:   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм