Хэргийн оролцогч давж заалдах гомдлоо шуудангаар илгээснээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасанд тооцох журам хуульд тусгагдаагүй

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.10.20 №319/ШЗ2025/02589

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэдэг./Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг/

Хариуцагч О.П нь анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан тул давж заалдах гомдол гаргах хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болох тул уг хугацаанд багтаан давж заалдах гомдлоо анхан шүүхэд бичгээр ирүүлсэн байх шаардлагатай.

Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хүлээн авдаг бөгөөд уг гомдол гаргасан хугацааг хэргийн оролцогч нь гомдлыг шуудангаар илгээснээр бус анхан шатны шүүх хүлээн авч, зохих бүртгэлд бүртгэж, дардас дарагдсан огноогоор тодорхойлно.

Хэргийн оролцогч давж заалдах гомдлоо шуудангаар илгээснээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасанд тооцох журам Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй.

Давж журмаар гомдол гаргах дээрх журам нь зөвхөн хариуцагч О.П, түүний өмгөөлөгч Э.Ч нарт бус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хүссэн тохиолдолд нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Д.Х нарт нэг адил хамаарна.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах нь зүйн хэрэг юм. Энэ нь давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана гэж зааснаас тодорхой байна./Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэг/

Иймд давж заалдах гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар илгээсэн гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хүсэлтээр давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх эрх зүйн үндэслэлгүй.

Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч сонгон авах эрхтэй бөгөөд өмгөөлөгч Э.Ч нь хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцоогүй, хариуцагч О.П-той 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ.

Энэ тохиолдолд хариуцагч О.П-ын давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоологдож эхэлсэн байгааг анхаарч, гомдлоо хуулиар тогтоосон хугацаанд багтаан шүүхэд бичгээр гаргах шаардлагатай.

Хэдийгээр өмгөөлөгч Э.Ч нь давж заалдах гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагруу шуудангаар илгээсэн нь хүсэлтэд хавсаргасан “Монгол шуудан” ХК-ийн албан бичгээр нотлогдож байх боловч шүүхээс давж заалдах журмыг баримталсан эсэхийг хянахдаа хэргийн оролцогчийг оршин сууж байгаа газраар ялгамжтай авч үзэж, аль нэг оролцогчид давуу байдал олгох боломжгүй.

“Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн” гэх үндэслэл хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн:

Ховд аймаг дахь сум дундын анхан

шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм


A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: