НЭХЭМЖЛЭГЧИД НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР ХАНГАХ БОЛОМЖ ОЛГОЖ ХУГАЦАА ТОГТООНО.

     Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.08.03-ны өдрийн 125/НЭ2023/0044

     Тоймын огноо, дугаар: 2023 оны 8 дугаар сарын 7, Дугаар 5  

     Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

     Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

     Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн Л.Э нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар газар  эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд ханджээ.

    Нэхэмжлэлийн шаардлагаа “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ж сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, мөн ойн бүсийг нөхөн сэргээх ажилд зарцуулсан 58,0 сая төгрөгнөөс 25 сая төгрөгийг гаргуулах “гэж тодорхойлсон байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэл нь иргэний хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас тодорхой эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах агуулгатай байхыг шаардана.   

     Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулж газар эзэмших эрхээ сэргээлгэх, эсхүл зөвхөн газар эзэмших хугацаанд зарцуулсан зардлаа гаргуулахыг хүсэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. 

   Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлаа зөв тодорхойлж, түүний үндэслэлээ тодруулж ирүүлэх шаардлагатай гэж үзэж,  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлэх 7 хоногийн хугацаа тогтоов.

    Энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэсэн агуулга биш бөгөөд 7 хоногийн дотор шүүгчийн захирамжид заасан алдааг залруулж нэхэмжлэлээ дахин шүүхэд ирүүлэх агуулгатай болно.

 

 Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.