ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТТАЙ ТАНИЛЦАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ НЬ ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТТАЙ ТАНИЛЦАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ НЬ
 ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
 
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.08.08-ны  125/ШЗ2023/0129
Тоймын огноо, дугаар: 2023 оны 8 дугаар сарын 11, Дугаар 6
Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй Б сумын ИТХ, Засаг даргад холбогдох газрын маргаан хянан хэлэлцэх 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ илэрхийлсэн.
Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс туслалцаа авах эрхтэй тул шүүгч хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар 21-ний өдрийн 09:30 цаг хүртэл хойшлуулсан.
Шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчөөс  2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хэргийн нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх боломжит хугацаагаар хангуулах хүсэлтийг ирүүлсэн тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цаг хүртэл хойшлуулсан.
2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч цахимаар оролцож, хэргийн материалтай танилцах зарим нотлох баримт гаргуулах боломжит хугацаа олгох хүсэлтийг дахин гаргасан.
Шүүхээс өмгөөлөгчид хэргийн нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх, холбогдох хүсэлт гаргах боломжит хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан байхад уг хугацаанд өмгөөлөгч эрх, үүргээ  хэрэгжүүлээгүй атлаа дахин хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Уг шүүхийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр заасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    
            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
            Тоймыг бэлтгэсэн:
            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.