Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч С.Оюунгэрэл
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох
үндэслэл тогтоогдсон эсэхийг хянаж үзнэ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2023.12.06-ны өдрийн 125/ШШ2023/0039
Шүүхийн шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2024 оны 2 дугаар сарын 22, Дугаар 2
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Б.С нь мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Ж сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “2022, 2023 оны газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийг 2022 онд ногдуулсан газрыг төлбөрийг 2023 онд төлсөн, 2023 оны эхний улирлын төлбөрөө төлөөгүй болон сүүлийн 2 жилд мод үржүүлгийн ажил хийгээгүй, гэр хашааны зориулалтаар ашиглаж байсан нөхцөл байдал тогтоогдсон, харин гэрээний үүргээ биелэлтийг тайлагнаагүй гэх үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэх зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн.
Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 3 үндэслэлээс 2 үндэслэл нь тогтоогдож байх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрэлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж баталсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ж сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн аймгийн Хурлын тогтоолын тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/14436?daterange=2023-12-01%20-%202024-01-11&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Шүүгч С.Оюунгэрэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч С.Оюунгэрэл