Сахилгын зөрчлийг шалган тогтоосноор зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулна

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр 2024.07.02  125/ШШ2024/0030

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 сарын 26, Дугаар 4 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Нэхэмжлэгч Б.С нь “...гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байх үед 3 өдөр ажил тасалж, ажлын цагаар архидан согтуурсан...”  гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг 3 өдөр ажил дээрээ ирээгүй, утсаа авахгүй байсан, ажлын цагаар архидан согтууран байдалтай байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон гэж тайлбарлана.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар байгууллагын дотоод журамд ажлын өдөр  ажиллах цаг, бүртгэлийн талаар заасан ч нэхэмжлэгчийн хувьд удирдах албан тушаалтанд хамаардаг учраас цагийн бүртгэлийг нь хөтөлдөгггүй, тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах үед ажлын цагийн хуваарийг хэрхэн өөрчилсөн талаар шийдвэр байхгүй, цагийн бүртгэлд энэ талаар тусгагдаагүй болох нь тогтоогдсон.

Мөн ажил тасалсан гэх 3 өдрийн эхний өдөр нэхэмжлэгч нь ажилдаа ирээд үдээс өмнө ажиллаад үдээс хойш ажиллаагүй, 2 дахь өдөр нь Засаг дарга дуудаж уулзаад ажлаас халах талаар мэдэгдсэн, 3 дахь өдөр өвчний учир эмчийн магадлагаатай байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдсон тул 3 өдөр дарааллан ажил тасалсан гэх  үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. 

Архидан согтуурсан тухайд цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийн дагуу нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг шалгахад согтуурлын зэрэг гараагүй талаар тэмдэглэл үйлдсэнийг хариуцагч согтуурлын зэрэг гараагүй ч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзжээ.   

Хариуцагчаас нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан үүргээ зөрчсөн гэж буруутгаж байх ч гаргасан зөрчил нь сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил алинд нь хамаарахыг тодорхойлоогүй, зөрчлийг шалгаж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

 

 

https://shuukh.mn/single_case/16315?daterange=2024-01-01%20-%202024-11-25&id=1&court_cat=3&bb=1

 

  

 

Тоймыг бэлтгэсэн:   Шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.