Газар эзэмшил хууль ёсоор үүсээгүй бол өмчлөл хууль бус

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр 2023.10.24-ний өдрийн 125/ШШ2024/0051

Шүүхийн шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2024 оны 12 дугаар сарын 2, Дугаар 6  

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2020 онд гэр бүлийн зориулалтаар хашааны газар эзэмшиж, 2022 онд өмчилжээ.

Түүний өмчлөлийн  хашаанд иргэн Г.Ч амьдарч байсан тул түүний хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх иргэний шүүхэд ханджээ. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Г.Ч-г хашааны шударга эзэмшигч гэж дүгнэсэн тул хариуцагчаас нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн захирамжаа хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь захиргааны шүүхэд маргаан үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмшсэнээс хойш тус хашаанд амьдраагүй гуравдагч этгээд Г.Ч нь нэхэмжлэгчийг газар эзэмшихээс өмнө тус хашааг бусдаас тохиролцон авч гэрээрээ бууж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа талаар талууд маргаангүй.

Гэр хашааны зориулалтаар газар эзэмших хүсэлтийн үндэслэл нь тус газар байрлах хаягтаа оршин сууж амьдрах зорилготой ба хүсэлтийг шийдвэрлэхэд  багийн Засаг даргын хаягийн тодорхойлолт, байршлыг харуулсан тойм зураг нь шийдвэрийн үндэслэл болох чухал ач холбогдолтой.    

Газрын асуудал хариуцсан захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдсан зүйлүүдийг нягтлан шалгах үүрэгтэй атал нэхэмжлэгчийг тухайн хашаанд амьдардаг гэх болит бус тодорхойлолтыг үндэслэн газар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахдаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдгийг мэдсээр байж түүнд мэдэгдээгүй, захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй нь буруу болжээ.

 Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээг авснаас хойш 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй буюу хашаандаа амьдраагүй байхад тус газрыг өмчлүүлсэн нь  шударга ёсонд нийцэхгүй байх тул хариуцагчаас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар өмчлүүлсэн захирамжаа хүчингүй болгосоныг буруутгахааргүй  гэж дүгнэв.

  Иймд нэхэмжлэгчид газар эзэмшүүлж, өмчлүүлсэн үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

     Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

 https://shuukh.mn/single_case/17239?daterange=2024-01-01%20-%202024-11-25&id=1&court_cat=3&bb=1

 

 

   Тоймыг бэлтгэсэн:  Шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.