Эмч үзлэг, оношилгоо хийхгүйгээр эмийн хөнгөлөлттэй жор бичих нь эмчлэх эрхийг хасах шийтгэл оногдуулах үндэслэл болно

Э

Шүүхийн нэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүх

Шийдвэрийн огноо: 2024-09-04

Шийдвэрийн дугаар: 125/ШШ2024/0035

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024 оны 12 сарын 02, Дугаар 1 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн Н.Ц-ээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд “...Миний мэдээллийг ашиглаж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлсэнээс би өөрөө жороор эм авч чадахгүй байна...” гэх гомдол гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч шалгасан.

Эрүүл мэндийн даатгалын зардлын цахим системд “...2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Ж.... сумын Б.... өрхийн эмнэлгийн эмч О.Г нь “...Gabapentin-300 mg /тебантин/ гэх эмийг 60 ширхэг, 30 өдрийн турш өдөрт 2 ширхгийг хэрэглэхээр ....... дугаартай цахим жор бичиж өгсөн, уг жороор 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 19:20 цагт Улаанбаатар хотын Монос-УБ Х... эмийн сангаас уг эм олгогдсон ...” байна.

Н.Ц нь Ховд аймгийн Ж... сумын Б... өрхийн эмнэлэгт үзүүлж байгаагүй гэх тул Ховд аймгийн Ж... сумын Б... өрхийн эрүүл мэндийн төвийн эмч О.Г-ээс тайлбар авахад иргэн Н.Ц-д үзлэг хийгээгүй, утсаар холбогдож цахим жор бичүүлж авсан гэжээ.

Эмч О.Г-д Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сая төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч “...Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн заавар зөвлөмжид 70-с дээш настай хүн заавал биеэр ирж үзүүлэхгүйгээр байнгын хэрэглэдэг эмийн хөнгөлөлттэй жорыг олгож болно гэсэн, Н.Ц-ийн мэдээллийн сан дахь өвчний түүхээс харахад Gabapentin-300 mg эмийг өмнө нь бичүүлэн авч байсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмын 2.1.10-д даатгуулагч нь ... харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх, 2.3.3-д Эмч нь...цахим жорыг харъяалал харгалзахгүй бичих гэж заасныг зөрчөөгүй...” гэж шүүхэд гомдол гаргасан.

Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд эмч, ... нь үзлэг, оношилгоо хийх, холбогдох хууль тогтоомж, тогтоосон стандартыг дагаж мөрдөх, Цахимаар эмийн жор бичих, олгох заавар, Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд "...эмч нь ... үзлэг хийж, даатгуулагчийн иргэний үнэмлэх, ...хурууны хээний баталгаажуулалт дээр үндэслэн жор бичих”-ээр заасан.

Шүүхээс эмч хурууны хээний баталгаажуулалт давхар хийж цахим жор хүчинтэй болох, даатгуулагч нь цахим жор бичүүлэхээс өмнө заавал үзлэг хийлгэж, онош тавиулсны дараа жор бичүүлэх эрх үүсэхээр заасан журмыг зөрчсөн эмч О.Г-д ногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.  

 

      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

 https://shuukh.mn/single_case/17114?daterange=2024-01-01%20-%202024-12-08&id=1&court_cat=3&bb=1 

  

 

Тоймыг бэлтгэсэн:    Шүүгч  М.Мянганбаяр

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.