Туршилтын хугацаа дууссаны дараа ажилтныг байнгын ажилд авах үүргийг ажил олгогч хүлээхгүй

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00227 шийдвэр

Тоймын огноо дугаар: 2025 оны 10 дугаар сарын 02 өдөр

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны   01 сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр туршилтын хугацаанд  манаачаар ажилласан Т-г ажлаас нь чөлөөлжээ.

            Ажилтан Т нь туршилтын 3 сарын хугацаа дууссан, тус цэцэрлэгт 4 сар гаруй хугацаа ажилласан, ажлын дутагдал гаргаагүй, туршилтын хугацаа дууссаны дараа жинхлэн томилогдох ёстой, төрийн үйлчилгээний ажилтныг сонгон шалгаруулалтаар томилохгүй гэж маргаж, шүүхэд хандсан.

Тус цэцэрлэгт манаачийн 3 сул орон тоо гарсан ба ажилтан Т-г туршилтын хугацаагаар манаачаар ажиллуулжээ. Т нь анх манаачийн ажилд томилогдох үед туршилтын хугацаагаар ажиллах болсныг мэдсэн, сонгон шалгаруулалт зарлахыг ажил олгогчоос түүнд мэдэгдэж байжээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмаар сул орон тоо гарсан тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын дүнгээр ажилтныг ажилд авахаар тогтоосон байна. Үүний дагуу сонгон шалгаруулалт явуулахад ажилтан Т нь сонгон шалгаруулалтад оролцож, үнэлгээний дүнгээр 4-р байр эзэлжээ. Цэцэрлэгийн эрхлэгч Ж нь эхний 3 байранд орсон иргэдийг манаачийн 3 сул орон тоонд томилж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон  үндэслэлээр ажилтан Т-г ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж болох бөгөөд ийнхүү туршилтын 3  сарын хугацаанд ажилтан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзвэл  цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах, байнгын ажилд авах үүргийг ажил олгогч хүлээхгүй.

Харин ажил олгогч Ж нь ажилтан Т-г 4 сар гаруй ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж шүүхээс дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар ажилтныг туршилтаар  ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байдаг, уг хугацааг сунгахаар бол талууд тохиролцож 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болдог.

Ажилтан Т-г туршилтын хугацаа дууссаны дараа манаачийн орон тоонд сонгон шалгаруулалт явагдах хүртэл үргэлжлүүлэн ажиллахыг ажил олгогч зөвшөөрсөн тул талуудын ийнхүү тохиролцоог туршилтын хугацааг нэг удаа сунгасан гэж үзнэ.

Шүүхээс ажилтан Т-г 6 сар хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон гэж үзээд 4 сар ажилласан тул үлдсэн 2 сарын цалинг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан ажилтан Т-н  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

             

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/192358?daterange=2025-01-01%20-%202025-10-29&id=1&court_cat=1&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм