Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.05.22, 2025/ШЗ/290
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Д.М-ыг татварын нөхөн актын үнийн дүнг бууруулах ашиг сонирхлын төлөө өөртөө болон “Ж" ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Ховд аймгийн Татварын газар”-ын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 10,000,000 төгрөгийн хахууль өгөхөөр завдсан гэж буруутгажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан “хахууль өгөх" гэмт хэргийн субъект нь “хуулийн этгээд” байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан ердийн журмаас гадна тусгай журмыг баримтална.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан.
Яллагдагч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явагдаагүй, уг ажиллагаа нь зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж, гүйцэтгэвэл зохих, уг ажиллагаагаар цугларсан нотлох баримтыг хэргийн оролцогчид танилцуулах, гомдол, хүсэлт гаргах эрхээр нь хангах, дахин яллах дүгнэлт үйлдэж, гардуулах шаардлага үүсэх тул харьцангуй урт хугацаа шаардагдах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Иймд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэгт хүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг прокурор буцааж, шийдвэрлэсэн.
Санамж: Энэ тойм нь шүүгчийн бүрэн гүйцэд захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.
Тойм бэлтгэсэн:
Ховд аймаг дахь сум дундын анхан
шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат