Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат
Шийтгэх тогтоолын огноо, дугаар: 2025.05.22, 2025/ШЗ/290
Шийтгэх тогтоолын төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Д.М нь автомашины сэлбэгийн худалдаа, техникийн захын үйл ажиллагаа явуулдаг “ЖТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, тухайн компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй.
“Ховд аймгийн татварын газар”-ын хяналт, шалгалтын тасгаас “ЖТ” ХХК-ийн 2020-2023 онуудын үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж, 99,444,346.22 төгрөгийн нөхөн татвар, 39,777,738.48 төгрөгийн торгууль, 36,230,744.57 төгрөгийн алданги, нийт 175,452,829.27 төгрөгийг “ЖТ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоожээ.
Хяналт, шалгалтын явцад нөхөн татварын акт тогтоогдох нь тодорхой болсныг Д.М нь урьдчилан мэдэж, “Ховд аймгийн татварын газар”-ын хяналт, шалгалтын тасгийн дарга Б.М-тай уулзаж, актын үнийн дүнг нь бууруулахыг хүсэж, 10,000,000 төгрөг өгөх санал тавьжээ.
Татварын улсын байцаагч Б.М нь “ЖТ” ХХК-ийн захирал Д.М-ын санал болгосон 10,000,000 төгрөгийг хүлээн авахаас татгалзаж, зохих журмын дагуу мөрдөн шалгах байгууллагад гомдол гаргажээ.
“ЖТ” ХХК нь татварын нөхөн актын үнийн дүнгийн хэмжээ харьцангуй өндөр, бодит байдалд нийцээгүй гэж үзвэл татварын маргаан таслах комисст гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байжээ.
Гэтэл Д.М нь татварын улсын байцаагчийн актын үнийн дүнг бууруулахыг хууль ёсны аргыг хэрэглэхийн оронд татварын улсын байцаагчид хахууль өгөх буюу хууль бус аргыг хэрэглэхээр завджээ.
Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг нь шүүгдэгч нэр бүхий хүн, хуулийн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах/гэрчийн хүсэл зоригоос хамааран/ нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байна.
Хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээнэ.
Ийнхүү хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээсэн нь мөнхүү хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд шүүгдэгч хүн Д.М, шүүгдэгч хуулийн этгээд “ЖТ” ХХК-д тус тус ял оногдуулах нь “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан Эрүүгийн хуулийн зарчимтай зөрчилдөхгүй.
Шүүхээс Д.М-ыг нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж, 9,000,000 төгрөгөөр торгох ялаар, ЖТ” ХХК-ийг автомашины сэлбэгийн худалдаа, техникийн захын үйл ажиллагаа явуулах эрхийг 1/ жилийн хугацаагаар хасаж, 100,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд тогтоол биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.
Тойм бэлтгэсэн:
Ховд аймаг дахь сум дундын анхан
шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат