Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг оруулан тооцохгүй

 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.08.20, 319/ШШ2025/00568

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч СЛБЗГХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан эд хөрөнгийн хохирол 23,554,500 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлого 2,282,050 төгрөг, нийт 25,836,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.С нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа харилцагчаас төлсөн зээл, хүүг бэлэн  болон бэлэн бусаар авч, хувьдаа хэрэглэн  нэхэмжлэгч СЛБЗГХХК-д 23,554,500 төгрөгийн бодит хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээдэг.

Ажил олгогч СЛБЗГХХК болон ажилтан Б.С нар нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тусад нь дангаар байгуулаагүй боловч  бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ эд хөрөнгийн хариуцлагын талаар тусгасан.

Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгайлан тохирсон ажилтан Б.С-ийн тухайд учруулсан хохирлын хэмжээг ажил олгогч СЛБЗГХХК-д эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд үүнд олох ёстой байсан орлогын дүнг оруулан тооцохгүй.

Иймд хариуцагч Б.С-с эд хөрөнгөд учирсан хохирол 23,554,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СЛБЗГХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх олох ёстой байсан хүүгийн орлого 2,282,050 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/208643? daterange=2025-01-01%20-%202025-11-04&id=1&court_cat=1&bb=1

 

 

Тойм бэлтгэсэн:

Ховд аймаг дахь сум дундын анхан

шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм