Шүүхэд баярлалаа
2019-06-27 19:53:37 | 95Б.ДОЛГОР: НАСААРАА АЖИЛЛАСАН АЖИЛДАА ЭРГЭЖ ОРСОНДОО ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЖ БАЙНА.
Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Б.Долгор: Баярлалаа
Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг: Та яагаад шүүхэд хандах болсон бэ?
Б.Долгор: Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 сарын 07-ны өдрөөс Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож, мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтнуудтай ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сард “өмнөх номын тооллого будлиантай учраас дахин тоолно. Түүний тушаал өгнө” гэж байгаад тэр тушаал халагдах тушаал болж хувирсан. Миний хувьд 38 жил 5 сар ажиллачихаад халагдах тушаал авсан. Тийм учраас шүүхэд хандсан. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүх үнэн зөвийг нь тогтоож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг: Одоо та ажилдаа эргэж орсон уу? Ажилдаа эргэж ороход төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцана уу?
Б.Долгор: 2019 оны 5 сарын 08-ны өдөр ажилдаа эргэж орсон. Шүүхээс гарсан шийдвэрийг байгууллага маань хүндэтгэж, гүйцэтгэх хуудас бичүүлж, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр шууд биелүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан цалинг маань ч олгосон. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас ажилдаа эргэж орох хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэхээр шүүхэд хандсан. Шүүх зөв шийдвэр гаргадаг гэдэгт итгэдэг учраас санаа зовохгүй байгаа. Ажилдаа эргэж орсоны дараа их бага хэмжээгээр дарамт, шахалт ирж байсан ч тэр байтугай зүйлийг даваад гарсан учраас түүнийг асуудал гэж бодохгүй байгаа. Миний хувьд 39 жил ажилласан байгууллага, хамт олонтойгоо эргэж ажиллаж эхэлсэндээ баяртай байгаа. Удахгүй манай сургуулийн ой болно. Ой угтсан ажилдаа эрч хүчтэй орж байна.
Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг: Та шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө шүүхээр үйлчлүүлж байсан уу? Хэрвээ үйлчлүүлж байсан бол шүүх хэр өөрчлөгдсөн байна вэ? Танд шүүхийн захиргааны ажилчид болон үйлчилгээний талаар сануулж хэлэх, зөвлөх болон талархах зүйл байна уу?
Б.Долгор: Өмнө нь үйлчлүүлж байгаагүй. Гэхдээ хүмүүсээс сонсож байсан. Тэр сонсож байсантай харьцуулахад шүүх маш их шинэчлэгдсэн байна. Миний хувьд шүүхийн үйлчилгээний талаар шүүмжилж хэлэх зүйл алга. Шүүхийн захиргааны ажилчдын харилцаа хандлага, мэргэжил, ур чадвар өндөр байна. Цаашид ч ийм чигээрээ байна байх гэж итгэж, найдаж байгаа. Би шүүхээр үйлчлүүлээд сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь авсан. Шүүхийн ажилчид, өмгөөлөгч нартаа баярлалаа. Насаараа ажилласан ажилдаа эргэж орсондоо шүүхийн хамт олондоо баярлаж байна. Бүгдэд нь ажлын амжилт хүсье.
Мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд болон таны гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Б.Долгор: Баярлалаа.
. . .