Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр Ховд аймгийн шүүхийн байранд шинээр нээгдсэн “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-ний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
2019-09-27 11:42:08 | 106Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран, “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд шинээр тохижуулан, нээлтийн үйл ажиллагааг 2019.09.25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
“Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-ний нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн ЗДТГазар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлагууд болон байгууллагын нэгжийн дарга нар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгчид, шүүхийн захиргааны ажиилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд нээж, ажиллуулснаар шүүхийн шатанд шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хүүхэд холбогдох хуулийн дагуу оролцох тухай бүр хэргийн гэрч, оролцогч, хохирогчоор тогтоогдсон хүүхэд бүрийг шүүх хуралдааны танхимд оруулахгүйгээр хэргийн бусад оролцогчдоос тусгаарлан тусгайлсан “Хүүхдийн өрөө” нөөс онлайн дэлгэцээр шүүх хуралдааны танхимтай холбогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайнаас оролцох боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.
Энэхүү “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн Тамгын газраас төсөл бичиж, санал хүргүүлснээр аймаг, орон нутгийн засаг захиргаа, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтын үйл ажиллагаа, ажлаа уялдуулан, насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг, хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх зүйн нөхцөл, боломжийг шүүхийн шатанд хангах ажилд ахиц дэвшил гарч байгаа бөгөөд зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг шүүхийн байгууллагаас нэгдсэн горимд оруулж өгч байгаа давуу талыг бий болгож байна.
Шүүхийн тамгын газарт дэмжлэг үзүүлж, Ховд аймгийн Засаг Дарга нөөц хөрөнгөнөөсөө 1 сая төгрөг, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2.5 сая төгрөг, шүүхийн Тамгын газар 2 сая төгрөгийг тус тус санхүүжүүлж хүүхдэд ээлтэй орчин шүүхийн байгууллага дээр бүрдлээ.
Нээлтийн ёслолын арга хэмжээг Ховд аймгийн Жаргалант телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэж, хамтран ажиллалаа.
. . .