ШҮҮХЭД БАЯРЛАЛАА ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМЫН ИРГЭН УЛАМБАЯРЫН ПҮРЭВСҮРЭН
2020-04-03 21:25:21 | 98 Миний бие Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суудаг эгэл жирийн иргэдийн нэг. Манхан сум аймгийн төвөөс 80 км гаруй зайтай, сумаасаа Ботгон баг маань 30 км зайтай байдаг учраас тэр бүр аймаг руу яваад байх цаг зав багатай байдаг ч өөрийн болон гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө шүүхэд хандсан юм.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1985-1994 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгож, Үндсэн хуулиар олгосон иргэний эрхээ баталгаажуулж авсан нь миний болон гэр бүлийн маань ажил, амьдралд маш том хувь нэмэр боллоо. Танай шүүхийн хамт олонд баярлалаа. Иргэний хэргийн шүүхэд хандахад зарим шүүхийн ажилтнууд сайхан сэтгэлээр хандан, тусалж, бүрдэл дутуу зүйлсийг бүрдүүлэхэд ажлын бус цаг гэж ялгахгүйгээр тухай бүр нь хүлээн авч, ойлгомжтой тайлбарлан өгч байгаад үнэхээр их талархлаа. Шүүхийн байгууллагыг ийм сайхан үйлчилгээтэй, хөнгөн шуурхай ард түмнийхээ төлөө ажиллаж байдаг гэдгийг нутгийнхандаа ах дүү, найз нөхөддөө хэлэхэд сайхан сэтгэгдэлтэй байна.
Шүүхийн талаархи миний сэтгэгдэл эерэг сайхнаар өөрчлөгдөж, Монгол Улсын Шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнууд иргэдийнхээ төлөө үнэнч шударгаар сэтгэл гарган үйлчилж байгааг өөрийн биеэр мэдэрсэн учраас “Шүүхэд баярлалаа” буланд би өөрөө ярилцлага өгье гэж шийдсэн юм хэмээн Ховд аймгийн шүүхийн хамт олонд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .