ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
2024-03-01 00:00:00 | 201Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний
өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ
ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1."Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам" /цаашид "журам" гэх/-аар шүүх хуралдаанд зайнаас буюу цахим /цаашид "цахим"/-аар оролцох ажиллагааны бэлтгэл хангах, зохион байгуулах харилцааг зохицуулна.
1.2.Энэ журам Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байна.
1.3.Энэ журам хаалттай явагдах шүүх хуралдаанд хамаарахгүй.
Хоёр.Нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1."сүлжээ" гэж дуу-дүрсний мэдээллийг дамжуулах шилэн кабель болон интернэтийн урсгалыг;
2.1.2."шүүх хуралдаанд цахимаар оролцох" гэж шүүх хуралдаанд сүлжээг ашиглан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар биечлэн оролцохыг.
Гурав.Бэлтгэл хангах
3.1.Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид "цахим шуудан" гэх/-аар мэдэгдэнэ.
3.2.Шүүгчийн туслах шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах нөхцөл, боломжийг судалж, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өдөрт нь багтаан танилцуулна.
3.3.Энэ журмын 3.1-д заасан шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах эсэх талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ.
3.4.Шүүгчийн туслах шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой талаар мэдэгдсэн тохиолдолд дуу-дүрс дамжуулах, хадгалах, удирдах цахим систем /цаашид "систем" гэх/-ээр холбогдох талаар шүүх хуралдааны оролцогчид танилцуулна. Шүүх хуралдаанд цахимаар оролцогч /цаашид "цахимаар оролцогч" гэх/-оос энэ журамтай танилцсан, шүүх хуралдааны дэгийг сахиж оролцох тухай баталгааг шүүх хуралдаан эхлэхийн өмнө авсан байна.
3.5.Цахимаар оролцогч нь шүүхийн байрнаас оролцох тохиолдолд тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна. Бусад тохиолдолд цахимаар оролцогч нь сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, харагдах орчин зэрэг нөхцөлийг хангасан байна.
Дөрөв.Зохион байгуулалт
4.1.Цахимаар оролцогч нь өмгөөлөгчтэй бол шүүх хуралдаанд цахимаар оролцох тухайгаа түүнд мэдэгдэж, шүүгчийн туслахад энэ журмын 3.4-т заасан баталгааг гаргаж өгсөн байна.
4.2.Цахимаар оролцогч иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг бэлэн байлгаж, шүүх хуралдааны дэгийг баримталж, өөрөө биечлэн (бусад этгээдийн нөлөө, туслалцаагүй) оролцоно. Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шаардсан тохиолдолд цахимаар оролцогч нь цахимаар шүүх хуралдаанд оролцож буй орчныг бүхэлд камерын тусламжтайгаар харуулах үүрэгтэй.
4.3.Цахимаар оролцогч интернэтийн сүлжээ, тоног төхөөрөмжид нь саатал гарсан тохиолдолд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ. Шүүхийн байрнаас оролцож байгаа тохиолдолд шүүхийн Тамгын газрын ажилтан, бусад байрлалаас оролцож байгаа тохиолдолд саатлыг өөрөө арилгана.
4.4.Цахимаар оролцогч дараах шаардлагыг хангана:
4.4.1.цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах систем, сүлжээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (холбогдох апликэйшн, системийг суулгасан /zoom, google meet гэх мэт/ ухаалаг гар утас, таблет, зөөврийн эсхүл суурин компьютертэй, цахим сүлжээнд холбогдсон байх, хангалттай дата ашиглах эрхтэй байх)-ийг хувьдаа бүрэн хангасан байх;
4.4.2.цахимаар оролцогч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн түүнийг сонсож байгаа болон техникийн саатал гараагүй эсэхийг байнга хянаж байх;
4.4.3.шүүх хуралдаан дуусаагүй байхад сүлжээ таслах, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл унтрахаас урьдчилан сэргийлэх.
4.4.4.шүүх хуралдааны үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанаас буюу системээс гарахгүй байх;
4.4.5.цахимаар оролцогч нь шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хийх, зураг авах, тараахгүй байх;
4.4.6.дүрсээ хаахгүй байх;
4.4.7.шүүх хуралдааны үед үг хэлээгүй тохиолдолд микрофон (дууг)-ыг хаах;
4.4.8.бусдыг ярьж байхад саад болохгүй байх.
4.5.Мэдээлэл технологийн мэргэжилтэн нь шүүх хуралдаанд цахимаар оролцоход шаардлагатай тоног, төхөөрөмж бэлтгэх, холбогдох системийг тухайн тоног төхөөрөмжид суулгах, сүлжээг шалгах зэргээр бэлэн байдлыг хангаж шүүх хуралдаан эхлэхээс 30-аас доошгүй минутын өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
4.6.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга цахимаар оролцож байгаа гэрч, насанд хүрээгүй этгээдийг мэдүүлэг өгөхөд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүх хуралдаанд буюу системд оруулж, бусад үед шүүх хуралдаанаас буюу системээс гаргана.
4.7.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга цахимаар оролцож байгаа насанд хүрээгүй этгээдийг мэдүүлэг өгөхөд нөлөөлж болох хүнийг шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр мэдүүлэг өгөх үед нь тухайн үед шүүх хуралдаанаас буюу системээс гаргаж, мэдүүлэг өгч дууссаны дараа шүүх хуралдаанд буюу системд оруулна.
Тав.Хариуцлага
5.1.Цахимаар оролцогч нь шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдааны бичлэг задруулсан тохиолдолд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
--o0o—