Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.05.03-ны өдрийн 125/ШЗ2023/0061
Тоймын огноо, дугаар: 2023 оны 6 дугаар сарын 26, Дугаар 3
Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нийтэд үйлчилдэг төрийн бус 3 байгууллага хамтран байгаль орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд зөвхөн 1 байгууллагын удирдах зөвлөлийн дарга Г.Т гэх гарын үсэг зурж, тамга даржээ.
Нэхэмжлэлд хавсаргасан төрийн бус байгууллагуудын баримт бичгээс үзвэл Г.Т нь нэг дэх байгууллагыг дангаар үүсгэн байгуулж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захиралаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2 дахь байгууллагын удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон гэх тогтоолыг ирүүлсэн ч уг тогтоол нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 3 дахь байгууллагын хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, харин байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захиралаар өөр хүн бүртгэлтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй үүсгэн байгуулах баримт бичгээр олгосон эрх хэмжээний хүрээнд байгууллыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүнээс итгэмжлэл олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн этгээдийг төлөөлнө.
Дээрх тохиолдолд Г.Т нь зөвхөн нэг төрийн бус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, харин бусад 2 байгууллагыг эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд төлөөлөх эрх үүсэхээр байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэлийг хамтран гаргах тохиолдолд нэхэмжлэгч тус бүр гарын үсгээ зурж баталгаажуулах, эсхүл дундаасаа нэгнийгээ төлөөлөгчөөр томилон түүнд итгэмжлэл олгон оролцуулах боломжтой .
Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл