ШҮҮХЭД БАЯРЛАЛАА ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН З.ЭНХЦЭЦЭГ ШҮҮХ - ГЭР БҮЛИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ГАЛ
2020-04-03 22:12:59 | 103Иргэн Зинагийн Энхцэцэг: Би боловсролын байгууллагад 33 жил ажиллаж байгаад, 2019 оны 1 сард аймгийн Ховд аймгийн Засаг даргын захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө үнэнийг нотлуулъя, шударга байдлыг тогтооё гэж бодсоны үүднээс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан. Анх нэхэмжлэл өгснөөс шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл яаж шийдвэрлэх бол гэсэн айдастай байсан. Гэвч анхан шатны шүүх хуралдаан хийгээд ажилдаа эргэн тогтоохоор шийдвэр гараад асуудлыг иргэн миний нэхэмжлэлийг ханган шийдэж өгөхөд маш их баярласан. Түүнээс хойш дахин хариуцагч тал давж заалдаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гурван шатны шүүх хуралдаан болоход хэрхэн шийдвэрлэгдэх бол хэмээн дотроо эмээж байсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэнд их баярлаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өмнө нь ажиллаж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилдаа эргэн томилогдож ажилдаа орсон. Монгол Улсын шүүх хэргийг шударгаар шийдвэрлэдэг, үнэн юм үнэнээрээ гардаг юм байна, шат дамжсан шүүхийн шийдвэр шударга байдаг юм байна гэдгийг миний хань, үр хүүхдүүд, ах дүү бүгд ойлгосон. Гэр бүлийнхэн минь цөмөөрөө шүүхэд итгэдэг болсон бөгөөд шүүх – бидний итгэл амьдралын галыг асааж өгсөнд үнэхээр их баярладаг.
Анх удаа шүүхээр явж байсан учраас мэдэхгүй зүйл их байсан ч Ховд аймгийн шүүхийн хамт олон бүгд тусалж, тайлбарлаж өгч байсан. Мөн зөв харилцаатай, хүнийг тайвшруулж юм хэлж өгдөгт баярлалаа гэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяртаа баярлалаа гэж хэлмээр байна.
Ховд аймгийн шүүхийн хамт олонд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний гэгээн мэлмий тунгалаг байх болтугай.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .